“Гахай надад хялгас өгөөч, хялгасаар би дээс томж найзыгаа аваръя” гэж үлгэр эхэлдэг шиг “Эрээн хот хилээ нээгээч, энд бид үндэсний үйлдвэрлэлээ хэвийн ажиллуулая” хэмээн орчин цагийн үлгэр өрнөх нь. Талх, гурилан боов, бялуу хийдэг жииг үйлдвэр нийслэлд олон бий. Тэдний нэг Баянзүрх дүүрэг дэх нэгэн үйлдвэрийг ажиллуулаад 10 гаруй жил болж буй эзэн нь “Бизнес эрхэлсэн 10- аад жилд сүүлийн хоёр жилийнх шиг доголдож, ажлаа цааш үргэлжлүүлэх, эсэхдээ эргэлзэж байсангүй.
Талх, нарийн боов нь хүний өдөр тутмын хэрэглээ учраас худалдан авагч ихтэй. Хамгийн гол нь бараа, материалын хомсдол, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний доголдлоос шалтгаалж бараг үйлдвэрээ хаахдаа тулж байна. Манайх будагч бодис, исгэгч, ургамлын тос, бялууны чимэглэл, хайрцаг, гялгар уут, шарах шүүгээнүүдэд дэвсдэг цаасаа хүртэл урд хөршөөс авдаг. Ер нь гурилнаас бусад орц, туслах материал импортынх. Олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэгчээс Эрээнээр дамжуулан авч хэвшсэн. Гэтэл ачаа, эргэлт багассан, тээврийн зардал өссөн, өдгөө Эрээний хил хаасан нь том цохилт боллоо. ОХУ-аас материал татаж болох ч илүү үнэтэй, тээврийн зардал ч өндөр” хэмээн ярив.
Ноолууран бүтээгдэхүүн оёж, засварлах үйлчилгээ эрхэлдэг нэгэн цех Баянгол дүүрэгт байдаг. Уг цехэд даашинзны загвар өөрчлүүлж, засвар хийлгүүлэхээр өгөөд гурван сар өнгөрөв. Ажил нь дууссан, эсэхийг хэдэн өдрийн өмнө асуухад оёдолчин Г.Ариунчимэг “Улаан ноолууран утас байхгүй. Ер нь бор, шаргал буюу ноолуурын үндсэн өнгөнөөс өөр өнгөтэй утасны нийлүүлэлт тасалдан, ачаа бараагаа урдаас авч чадахгүй удаж буйгаа бэлтгэн нийлүүлэгчид маань хэлсэн” гэж учирлалаа. Ноолуураар бүтээгдэхүүн оёдог том, жижиг үйлдвэр, цехэд утас нийлүүлэгчид нь будаг, тогтворжуулагч болон утас ээрэхэд шаардлагатай бүх зүйлийг урд хөршөөс худалдан авч, утас хийдэг юм байна. Түүхий эд нь монгол ноолуур байтал түүнийг бэлэн хувцас болгох бүх дамжлага Хятадынх гэсэн үг.
Боловсруулсан арьс, шир, савхиар цүнх, хэтэвч, түлхүүрийн оосор зэргийг үйлдвэрлэгч цөөнгүй. Тэдгээрийн нэг Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал С.Цогзолбоо “Манайх дотоодод боловсруулсан арьс, шир хэрэглэхийн зэрэгцээ дотоодынхоос дутуугүй зөөлөн, торгомсог, олон өнгийн савхийг урд хөршөөс импортолдог. Мөн бүтээгдэхүүний шошго, лого бүхий товруутай төмөр эдлэл, цахилгаан, товч, түгжээ, чимэглэлийн зүйлсээ БНХАУ-ын Гуанжугаас бэлтгэдэг юм. Хил хаасан, сүүлийн нэг жилд ачаа эргэлтийн хэмжээ багасан, тээврийн зардал өссөн зэрэг нь хүнд цохилт болж байна. Агуулах хоосрон, бараагаа ахиж хэзээ хэвийн татаж эхлэхийг мэдэхгүй” гэв.
Цар тахал дэгдсэн, хилийн хорио тогтоосон нь манай улсын эдийн засаг, том, дунд, жижиг үйлдвэрийн бүтээмжид сөргөөр шууд нөлөөллөө. Дотооддоо бэлтгэн нийлүүлдэг мах, гурил, ногоотой байхад амьдрал хэвийн үргэлжилнэ, хил хаасан ч үндэсний үйлдвэрүүдээс барааг нь худалдан авч, орлогыг нь нэмж, илүү өргөжүүлнэ гэж дэврүүн бодсон нь талаар болов. Улаан буудай байгаад ч тээвэрлэх автомашин, тэдгээрийн түлш шатахуун, гурил хийх тоног төхөөрөмж, ажиллуулах цахилгаан, бэлэн бүтээгдэхүүнийг уутлах хүртэлх бүх дамжлага импортоос хамаарч байна. Түүхий мах, ногоо бий ч боловсруулж эхэлмэгц л тоног төхөөрөмжөөс эхлүүлэн утаж, нөөшлөхөд шаардлагатай түүхий эдийг гадаадаас худалдан авдаг. Цаашлаад эмийн сангуудад зарим эм, зүү тариурын хомсдол үүсэн, дуслын шингэн хийх гялгар уутгүй болжээ. Улмаар өргөн хэрэглээний дусал болох натри буюу тарилга найруулдаг шингэнийг савлах хэмжээ нь багассан аж. Уг нь цаасан болон хуванцар, арьс, ширэн сав, тор, гялгар уут үйлдвэрлэгчид нэгдэн “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-г байгуулан, “Энэ төрлийн бүтээгдэхүүний 80 хувийг дотоодоос хангана” хэмээн мэдээлж байсан нь саяхан. Тэгвэл тус холбооны бүрэлдэхүүн үйлдвэрүүд хэвийн ажиллаж буй, эсэхийг тодруулахад үгүй гэнэ. “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоон”-ы гүйцэтгэх захирал Н.Анар “Үйлдвэрүүд бүгд урд хөршөөс түүхий эдээ авч, эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Өдгөө цөөнгүй аж ахуйн нэгж түүхий эдийн хомсдолд өртөн, үйлдвэрлэлээ танаж байна. Хэрэв ачаа эргэлт хэвийн болохгүй, хил хаасан хэвээр удвал үйлдвэрлэгчид хаалгаа барих ч магадлал үүслээ. Бүх төрлийн сав, баглаа, боодол, гялгар уут, хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд нь химийн гаралтай, синтетик материал. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн урд хөрш л нийлүүлэх боломжтой” гэсэн юм.
Манайд үйлдвэрлэл хөгжихгүй, импортын хамааралтайгаар ийнхүү олон жил болж буйн үндсэн шалтгааныг томоохон аж үйлдвэр, корпорац байхгүйтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байна. Тухайлбал, “Ган хийц” компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн ийн ярив. “Том үйлдвэр хөгжөөгүй учраас жижиг нь хөгжиж, дэвжихгүй байна. Манайд сүүлийн 20-30 жилд цөөнгүй үйлдвэр байгуулж, ажлын байр олныг бий болгосон. Гэтэл үйлдвэрүүд түүхий эдээ гадаадаас худалдан авч, бүтээгдэхүүн болгон савлаж зарахаас хэтэрсэнгүй гэхэд болно. Хэрвээ төмөр, нүүрс, нефть боловсруулах үйлдвэртэй болбол дагалдан химийн үйлдвэрлэл хөгжинө. Химийн үйлдвэрлэл хөгжиж байж түүхий эдийн дутагдлаас гарна. Төр засгийн удирдлага, шийдвэр гаргагчид зоригтой хөдлөн ойрын жилүүдэд томоохон 2-3 үйлдвэр барих хэрэгтэй. Өөрөөр бид импортын хамаарлыг бууруулах боломж үгүй” гэсэн юм. Эндээс харахад манай улс аж үйлдвэр хөгжүүлэхэд онцгой анхаарч, нэн яаралтай ажил хэрэг болгох шаардлага байна. Хэрэв бид нүүрс болон газрын тос, төмөрлөг, гангийн үйлдвэртэй бол тухайн ашигт малтмалыг цэвэршүүлэх, хайлуулах, нэрэх, боловсруулах явцаас ширэм, хаймар, хуванцар, гялгар уут, асфальт, төрөл бүрийн төмөр эдлэл зэрэг зуу зуун бүтээгдэхүүн хийх түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг ч гарган авч болно. Мөн малын гаралтай түүхий эдийг ч бүрэн боловсруулж хэвшвэл цавуу, төрөл бүрийн даавуу, барилгын дулаалгын материал гээд юу ч үйлдвэрлэх боломж байгаа юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад сүүлийн гурван жилд бид жил бүр 5-6 тэрбум ам.доллароор бараа, бүтээгдэхүүн худалдан авчээ. Гадаад худалдааны тэнцэл эерэг гарч, импортолсон бараанд төлсөн зардлаас экспортод нийлүүлсэн нь илүү их мөнгө олсон аж. Гэхдээ экспортын орлогын 90 хүртэлх хувийг эрдэс бүтээгдэхүүн буюу нүүрс, зэс, газрын тос болон хагас боловсруулсан ноолуур, арьс, шир, нэхмэл, сүлжмэл эдлэлээс олжээ. Харин импортоор оёдлын зүү, утас, гутлын үдээс, хүнс, нарийн ногооноос эхлүүлэн автомашин, нисдэг тэрэг зэрэг хэдэн зуун төрлийн бүтээгдэхүүн худалдан авч хэвшсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван бараа зарж, 300 төрлийн бүтээгдэхүүн худалдан авдаг үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон хэвээр аж.