Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өгчээ. Тус замын зорчих хэсгийг энэ сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл түр нээх нь. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайтар хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих үүрэг өгсөн байна. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгууль төлүүлнэ гэдгээ анхааруулжээ.
Одоогийн байдлаар I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.28 км авто замын ажлын Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлээр хэрэгжүүлж буй гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зээлээр хэрэгжүүлж байгаа нь 62.48 хувьтай байгаа аж. II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км хатуу хучилттай авто замын АХБ-ны зээлээр хэрэгжүүлж байгаа нь 18.5, ЕСБХБ-ныхаар хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй гэнэ. Түүнчлэн III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй нь 97, ЕСБХБ-ных нь 34.35 хувьд хүрчээ. IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын АХБ-ны зээлийнх 8.26, ЕСБХБ-ных 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тэгвэл V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84 км замын АХБ-ны санхүүжилтээр барьж байгаа нь 99, ЕСБХБ-ных 43.33 хувьтай явж буй гэнэ.