Олон мод тарих тухай яриа, амлалт, хөдөлгөөний талаар шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс уг санаачилгыг эхнээсээ айхавтар буруушаагаагүй. Ерөнхийлөгчөөс авхуулаад төрийн байгууллагынхан “Тэрбум мод” гэсэн бичигтэй цамцаар ижилсэн, хүрз барихад нь л дургүйцэх болсон.
Иргэдийн бухимдал модонд гэхээс илүүтэй ижил хувцсанд төвлөрсөн мэт. Үндсэндээ ийм хувцас өмсөөд мод тарьсан, хажууд нь зургаа татуулсан янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бусад нь төр, тэр бүү хэл, НҮБ-ын индэр дээрээс “Улсаараа тэрбум мод тарина” гэж зарим талаар уулгамч мэт амласан Ерөнхийлөгч гэж харах лугаа адил унтууцсан нь илт байсан юм.
Иргэд яагаад ижил хувцасны “харшилтай” болов гэдгийг ойлгож ядах юмгүй. Татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, нийгмийн халамж, ашигт малтмал, иргэний нисэх гэх зэрэг чиглэлийн төрийн байгууллагынхан иргэдэд үйлчлэхдээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээс илүүтэй бухимдуулах нь элбэг. Зарим талаар төрийн нэрээр түрээ барьж, дарамталдагтай холбоотой гэхээр. Жишээ мундахгүй. Ердөө өнгөрсөн хавар харснаа хэлье. Улсын их дэлгүүрт юм л даа. Хоёр дахь удаан хугацааны хөл хорионы дараа үйлчилгээний байгууллагуудыг үүдээ нээж болно гэсэн хэрнээ тус дэлгүүрийн нэгдүгээр давхрын цэцгийн тасагт “Мэргэжлийн хяналт” гэсэн бичигтэй хар цамц өмссөн эмэгтэйчүүд хэд хэдээрээ багширч, зарим нь худалдагч бүсгүйчүүд хэрхэн ажиллаж байгааг камерт бичиж байв. Худалдагч, худалдан авагч нар эвгүйцэж байсан ч төрийн байгууллагын нэрийн өмнөөс тийнхүү түрэмгийлж байсан нөхөд юман чинээ тоосон шинжгүй байсан юм. Мэргэжлийн хяналтынхан ийнхүү аашилж байхыг хараад “Та нар хүмүүст ажиллах, бас тааваараа худалдаа хийх боломж олгооч” гэж хэлмээр байсан ч эрхбиш цар тахлын үеийн хөл хориог дөнгөж суллаад байсан болохоор дуугүй өнгөрч байлаа. Мэргэжлийн хяналтынхны дарамт ганц энэ биш. Үйлчилгээний байгууллагынхан олон жишээ хэлнэ. Төр, албан тушаал, дүрэмт хэмээх хувцасны нэр барьж иргэдээс их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон “мэргэжлийн хянагч”-д хоёр жил таван сар хорих ял оноосон нь саяхан. Мэдэгдсэн нь энэ. Далд өчнөөн юм болдгийг, ямар зовлон байдгийг үйлчилгээний байгууллагынхан бүгд хэлнэ. Бусдыг айлган сүрдүүлэхэд төрийн байгууллагын нэр, албан тушаал, эрх мэдлийн зэрэгцээ дүрэмт хэмээх хувцас чухал үүрэгтэй мэт. Дүрэмт хэмээх гээд буй нь учиртай. Иргэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынханд ийм, лөн байхгүй тул ийнхүү хайнгадуухан хандаж байна.
Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал зэрэг үндсэндээ хууль, хүчний байгууллагынханд бол дүрэмт хувцас ажил үүргийн дагуу зайлшгүй шаардлагатай. Тэр ч бүү хэл өмсөх, эдлэх тусгай дүрэмтэй. Цэргийн хувьд дүрэмт хувцсыг нь нэгэн төрлийн зэвсэг гэж үздэг. Цэргийн бус хүн өмсөж болохгүй заалттай. Цагдаагийн алба хаагчид мөн дүрэмт хувцастай байх шаардлагатай. Тэд байнга албан тасалгаанд компьютерын ард сууж ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс биш. Хаана иргэдийн амгалан тайван байдал алдагдаж, амь насанд нь аюул тулгарч байна, тэнд хурд мэдэн очдог тусгай бэлтгэгдсэн мэргэжилтнүүд. Тэд ингэж ажиллахдаа хувцсандаа түүртэх учиргүй. Малгай нь хүчтэй салхинд уначихгүй байхаас эхлүүлээд бүхий л талаас нь бодож, тооцоолон загвар гаргаж, эсгэж, оёсон байдаг. Мөн өдөр бүр өмсдөг тул биед эвтэйхэн байх ёстой. Энэ бол дүрэмт хувцас. Эмч, сувилагч, тогооч, мөн техникийн аюулгүй ажиллагаа онцгой шаарддаг ажил, мэргэжлийнхэн мөн дүрэмт хувцас өмсдөг. Хувцас гэдэгт гутал ч орно.
Энгийн иргэд ажилдаа өдөр бүр өөр, өөр хувцас өмсдөг. Татварын байгууллагынхан, мэргэжлийн хяналтынхан, нийгмийн даатгалынхан, бас халамжийнхны ажлаа хийх орчин, нөхцөл энгийн иргэдийнхээс юугаараа ялгаатай вэ. Ямар ч ялгаагүй. Адилхан л компьютерын ард суугаад мэдээлэл дээр ажилладаг. Үйлчлүүлэгчтэй харилцдаг, үйлчилдэг, зөвлөдөг. Тэд суудлаасаа босдоггүй. Цэргийнхэн шиг, цагдаагийнхан мэт гэнэтийн, шуурхай, амь дүйсэн ажил эрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл, гүйж, харайх, хурдтай босож, суух гэх зэргээр хөдлөх шаардлагагүй. Тиймийн учир тэдэнд тусгай хувцасны хэрэг байхгүй. Харин ч үйлчлүүлж буй иргэд шигээ энгийн хувцастай, инээгээд сууж байх аваас харилцаа нь илүү эерүү, найрсаг байж, ажил хурдан бүтэхийн сацуу үйлчлүүлэгчдэд төрийн хүнд суртал мэдрэгдэхгүй мэт сэтгэгдэл төрж ч мэднэ. Төрийн хүнд суртал заавал байх ёстой биш ч энэ нь нэг талаар байнгын хэв маяг, зуршил мэт санагдах болсон нь үнэн билээ.
Одоогоос хоёр сарын өмнө болсон явдлын талаар дурдъя. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн сайн дурын даатгал төлөгч нэгэн иргэнд “сүргээрээ” сүрхий эвгүй хандсан байна билээ. Олон жил сайн дурын даатгал төлж ирсэн иргэн гэнэт өвдөж, эмчлүүлсэн бөгөөд мөнгө авах гэтэл “Танд эрх алга” гэж. “Яагаад” гэсэн ганц асуултад хариу хайсан бүсгүй бууж өгөхгүй гэсэндээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүртэл, өөрөөр хэлбэл, хөлөө хүрэх газарт очиж заргалдан байж, хэдэн төгрөг олж авсан. Заавал Ерөнхий газарт очиж, “том” даргад нь хандахад бүтдэг ямар гээчийн үйлчилгээ вэ. Бүтэхгүй, өөрөөр хэлбэл, хуулийн гадуур зүйл байсан юм бол яагаад “том” дарга нь хэлэхээр болдог юм бэ. Хөөцөлдсөөр байгаад гар дээрээ хэдэн төгрөг авах болсон иргэн энэ асуултыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тавьсны зэрэгцээ цаг их үрсэн, мөн иргэний хувьд гомдолтой байгаагаа хэлэхэд үйлчлүүлэгчид анх буруу тайлбарласан байцаагчийн нэр дээр гомдол гаргавал ажлаас нь халъя гэж гэжээ. Тэгэхэд нь бүсгүй “Ажил хийсэн болж, үр хүүхдээ тэжээж буй нэгэн л байгаа биз дээ” хэмээн бодоод даргад нь “Түүнд дахин ийм алдаа гаргаж, олон хүн чирэгдүүлэв ээ гэж хэлээрэй” гээд гарсан байна лээ. Дүрэмт хувцсаар далайлгаж, төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилдэг энгийн байгууллагынханд энэ мэт алдаа, гажуудал бишгүй байдаг. Энэ жишээн дээрээс харахад л иргэнд Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл, заалтын талаар буруу тайлбарлаж, мөнгө авах эрх үүсэхгүй хэмээн буцаах шахсан байцаагч дүрэмт хэмээх хувцсандаа эрдэж суудаг нэгэн байгаа даа гэсэн бодол эрхгүй төрж буй юм. Хэрвээ нийгмийн даатгалынхан үйлчлүүлэгчидтэй адил энгийн хувцасладаг бол сэтгэл зүйн хувьд харилцааны уур амьсгалыг өмнөө суугаа хүнтэй ижил түвшинд мэдэрч, үйлчлүүлэгчийг өөр шигээ жирийн иргэн хэмээн бодож, хандаж ажиллах биш үү. Энэ мэт энгийн шалтгаанаар ч гэсэн дээр дурдсан төрийн үйлчилгээний энгийн байгууллагуудын ажилтнуудад дүрэмт хэмээх хувцас өмсгөж, үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс ангид, магадгүй дээгүүр эрх мэдэл бүхий гэсэн сэтгэгдэл төрүүлдгээ болих цаг болсон мэт.
Тэгээд ч төрийн энэ мэт энгийн, үйлчилгээний байгууллагынхныг тусгай хувцсаар хангах гэж үргүй зардал урсгадгаа болих хэрэгтэй бус уу. Зардлыг иргэдийн төлдөг татварын мөнгөнөөс гаргадаг байж таарна.
Ер нь бол дүрэмт, ажлын хувцас гэдэг нь тусгай “статустай”. Ажлын хувцсаар аюулгүй, ая тухтай ажиллуулах үүднээс хангадаг. Хөдөлмөр хамгааллын хэрэгслийг ч дагалдуулан бэлтгэдэг. Олон салбарт хэрэглэдэг тул дурдах гэж нуршихын хэрэггүй юм. Манай улсад 1990-ээд оноос хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш банкныхан, нисэх онгоцны тийз борлуулагч компанийнхан ижил хувцсаар жигдэрч эхэлсэн. Тэдний хувцаслалт гоё харагдсан уу, 2000 он гарснаас хойш төрийн албан хаагчдын хувцас гээчийг бий болгосон. Энэ нь мөн байгууллагын соёл, имиж бүрдүүлэлт гэх зэрэг ойлголтын хүрээнд нэлээд дэлгэрсэн загвар. Хэдий тийм ч одоо төрийн энгийн байгууллагынхны ижил хувцсыг хэсэг хугацааны “гоёл” байж хэмээн үзээд, дурсамжийг өнгөрсөн үед нь үлдээж, цаашид төрийн бусад албан хаагчийн адил жирийн хувцас өмсүүлдэг болгох нь ажил хэрэгч харилцаа, үйлчилгээний байгууллага болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай ойлголцолд тустай бус уу. Тэгээд ч байгууллагын соёл, имиж бүрдүүлэлт гэдэгт тусгай хувцас төдийлөн нөлөөлөхгүй нь тодорхой.