Энэ жилийнхтэй нийлээд гурав дахь удаагаа зарлан дуудах хуудас хүлээн авсан нэгэн залуугийн ээж “Юу ч болж байсан ганц хүүгээ цэрэгт явуулахгүй. Эрх, зөрүүд учраас хамаг “амьтны” дургүйг хүргээд, эцэстээ өөрөө дээрэлхүүлнэ. Нуруу муутай хүүхдээр хүнд хүчир ажил хийлгүүлээд, биегүй болгочихно. Гэрлээ (нэрийг нь өөрчлөв) ажлаасаа гарсан болохоор надад арга чарга алга. Чи л аргалж үз. Олон найз нарынхаа хэргийг гаргаад, танил тал байна уу, сураглаатах” хэмээн нөхрөө шавдуулахыг сонсов. Түүний хамаатны бүсгүй эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг байсан учир цэрэг татлагын үзлэг, шинжилгээ хийж буй эмч нарт нөлөөлж, тодорхойлолтыг нь хүссэнээрээ гаргуулдаг байж. Харин одоо тийм боломжгүй болсон учраас эднийх аргагүйдэн, барьц алджээ.
Цэргийн алба бол аавын хөвгүүдийг “торниулж”, хатуужуулдаг, ажил, амьдралын дөртэй болгодог, эр хүн байхын, эх орноо хайрлан хамгаалахын үнэ цэнийг мэдрүүлдэг онцгой “зүйл” гэж монголчууд үзэж ирсэн. Гэвч орчин цагт энэ үзэл, хандлага өөр тийшээ хэлбийсээр байна. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын насанд хүрсэн бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой. Гэтэл бодит байдалд цэргийн насны залуучуудын 7-8 хувь нь л үүргээ биелүүлж, 10 орчим хувь нь дүйцүүлэх хэлбэрээр алба хааж байгааг холбогдох байгууллагын статистикт дурджээ. Эрүүл мэндийн асуудалтай гэх шалтгаанаар, гадаадад их, дээд сургуульд сурч байгаа гэх нэрийдлээр үүрэгт албанаас бултдаг, эсвэл дүйцүүлэн хаах (биеэр болон мөнгөөр гэсэн хоёр аргаар) байдлаар аргацаагаад өнгөрдөг жишиг тогтоод удлаа. Дээрхийн нэгэн адил үр хүүхдээ цэргийн албанд хэзээ ч явуулахгүй гэдэг хатуу байр суурьтай, нялхамсуу, хошуу дэвссэн эцэг, эх ч улам олшров.
Харин цаашид ийм явдлыг гааруулахгүйн тулд цэргийн албаны тогтолцоонд “салхи оруулж”, тодорхой өөрчлөлт хийхээс аргагүйд хүрснийг Батлан хамгаалахын сайд онцолсон. Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу түүнээр ахлуулсан ажлын хэсэг томилжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, ярьж буй гол өөрчлөлт нь цэргийн албаны хугацааг уртасгах. Ингэснээр залуус зохих мэдлэг, чадвар бүрэн эзэмшиж, жинхэнэ цэргийн үүрэгтэн болно гэж үзэж буй. Г.Сайханбаяр сайд энэ тухай “Цэргийн үүрэгтнийг бэлтгэхэд нэг жилийн хугацаа хангалттай юу. Алба хаагчид энэ хугацаанд цэргийн мэргэжлээ бүрэн эзэмшиж чаддаг уу гэдгийг харгалзсаны үндсэн дээр хугацааг нь 6-12 сараар сунгах асуудлыг хэлэлцэж байна. Дийлэнх улсад цэргийн алба хаах хугацаа нэг жилээс дээш байдаг. БНСУ-д гэхэд хамгийн багадаа 1.6-2, БНХАУ-д 1-3, ОХУ-д хоёр жилийн хугацаатай. Мэргэжлээсээ шалтгаалаад хугацаа нь харилцан адилгүй. Тэгэхээр манай улс цэргийн албаны хугацааг эргэж харахаас аргагүй” гэж ярив.
Түүнчлэн хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг хангахын тулд элдэв зохиомол шалтгаанаар цэргийн албанаас зугтдаг, хийдүүлдэг явдлыг таслан зогсооно гэв. Тэрбээр “Цэргийн албанд хамрагдах залуусын тоо маш хангалтгүй байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж, цэрэгт явах хүсэлтэй залуусыг нэмэгдүүлэхийн тулд алба хаасан хүмүүст ямар нэг байдлаар давуу боломж олгох чиглэлийг судалж байна. Цэргийн алба хаасан хүмүүс төрийн албанд шууд ажилладаг ч юм уу. Ямар ч байсан иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу шилжих ёстой” хэмээн дурдсан юм. Түүний хэлсэн нь хэрэгжвэл залуус цэргийн албыг 1.6-2 жилээр хаах нь. Албаа ёс төртэй хаасан нь нийгэмд давуу байр суурь эзлэх нь. Өөрөөр хэлбэл, хугацаат цэргийн алба хаахаас аргагүй нийгмийн хөшүүргүүдийг бий болгоно гэсэн үг.
…Цэргийн албанд хамрагдах залуусын тоо маш хангалтгүй байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж, цэрэгт явах хүсэлтэй залуусыг нэмэгдүүлэхийн тулд алба хаасан хүмүүст ямар нэг байдлаар давуу боломж олгох чиглэлийг судалж байна…
Эндээс “Иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу шилжинэ” гэдэг өгүүлбэр ихээхэн анхаарал татав. Тухайн жил зарлан дуудах хуудас хүлээн авсан, дүйцүүлэн хаахаас аргагүй шалтгаантай (шашин шүтлэг, ёс зүйн)-гаас бусад бүх хүнийг цэрэгт дайчлах нь гэсэн агуулга сайдын ярианаас уншигдаж буй юм. Гэвч нөхцөл байдлыг бодитоор үнэлээд үзвэл ийм боломж, чадамж Монгол Улсад одоохондоо байхгүй хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. “Армийн бүтэц данхайх хэрээр зардал нь өснө”, “Төсвийнхөө ихэнхийг цэргийн хоол хүнс, хувцас, бусад төрлийн хангамжид зарцуулах нь”, “Хаах хугацааг нь сунгаж, алба хаагчдын тоог нэмснээр төсөвт дарамт учруулахаас цаашгүй” гэхчлэн шүүмжлэх хүн олон. Харин салбарын сайд үүнд тайлбар болгож “Цэргийн алба хаагчдыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь мэдээж эдийн засгийн нөхцөл байдал. Алба хаагч нэг бүрт хувьсах зардал тооцож, хуваарилдаг. Тоо нь өсөхийн хэрээр энэ зардал нэмэгдэнэ.
Тиймээс эдийн засгийн чадамждаа үндэслээд тодорхой график, төлөвлөгөөний дагуу алба хаагчдын тоог нэмнэ” гэв. Цэргийн алба хаах хугацааг уртасгах нь эдийн засагт мөн л дарамт болно. Нэг цэрэгт алба хаах хугацаанд олгодог хувьсах зардлын хэмжээ дунджаар хоёр дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, алиныг нь ч хэрэгжүүлсэн төсөвт халгаатай гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр шийдлийг хэрхэн хооронд нь авцалдуулж, эдийн засагт хор хохирол багатайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг хүндхэн асуудал Г.Сайханбаяр сайдын ахалсан ажлын хэсэгт ногдох нь.
Цэргийн албаны тогтолцоонд хийхээр төлөвлөж, дээд шатанд яригдаж буй дээрх хоёр асуудлыг иргэд их эмзэг хүлээн авч байна. Ялангуяа залуучууд, эцэг, эхчүүд “1.6-2 жил гэдэг дэндүү урт хугацаа. Сурч боловсрох, хөдөлмөрлөх хайран хугацаа үрэгдэх нь” хэмээн халаглах болов. Алба хаагчдад зөвхөн цэргийн боловсрол олгоод зогсохгүй академик сургалтад хамруулах, тогооч, барилгачин, жолооч зэрэг тодорхой мэргэжил эзэмшүүлэх асуудлыг бодлогын шинэчлэлийн хүрээнд ярьж байгаа гэнэ. Гэвч олон нийт үүнээс илүү хариуцлага, ёс зүйн асуудлыг тэргүүнд тавьж, хөндөж байна. Армид ил, далд хэлбэрээр олон жил бугшсан дэглэлт, ёс бус үйлдлийг бүрмөсөн таслан зогсоож, цэгцлэх нь цэргийн алба хаагчдыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг гэж үзэж буй. Ингэснээр айх айдас, зовних аюулгүйгээр хөвгүүдээ эр цэргийн албанд ном ёсоор нь мордуулах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн итгэж байгаагаа цөөнгүй хүн илэрхийллээ.
Цэргийн алба хаах хугацааг сунгах, алба хаагчдын тоог нэмэгдүүлэх шийдвэр нь хөдөлмөрийн мөлжлөгийг гааруулах вий гэж зарим нь хаширлаж буй. Энэ нь анхнаасаа л цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлах зорилготой хэмээн хардах нэгэн ч бий. Манай улсад сүүлийн жилүүдэд цэрэг, бүтээн байгуулалт гэдэг хоёр үг хоршоо юм шиг л элбэг хэрэглэгдэх болсон. Энэ асуудлаар ХЭҮК-ын мэргэжилтнүүдийн байр суурийг сонсохоор хандсан боловч татгалзав. Хараахан тодорхой болоогүй асуудал гэж үзсэн учраас одоохондоо дуугарах шаардлагагүй гэлээ. Гэхдээ хугацаат цэргийн албанд хөдөлмөрийн зүй бус харьцаа алдагдсан, энэ төрлийн зөрчил элбэг гардгийг онцлов.
ХЭҮК, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Монгол Улс дахь заавал хаах цэргийн алба ба хугацаат цэргийн хөдөлмөр” судалгааг гурван жилийн өмнө хийжээ. Санамсаргүй түүврийн аргаар хилийн цэргийн хоёр анги сонгож, алба хаагчдаас санал асуулга авахад олонх нь цэргийн бус хөдөлмөр албадан байдлаар эрхэлж байжээ. Хэдийгээр Засгийн газар цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлсэн ч хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагаа, цагийн хуваарь баримталдаггүй зэрэг үндэслэлээр олон улсын холбогдох конвенц, эрх зүйн баримт бичгийг зөрчсөөр байгаа нь эл судалгаагаар тодорхой болжээ. Тиймээс цэргийн албаны тогтолцоог шинэчлэхдээ энэ мэт нийтлэг, нэн түрүүний тулгамдсан асуудлуудыг цэгцлэх шаардлагатай гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгааг дээрх байгууллагын нэгэн албан тушаалтан онцолсон юм. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлаа шийдэхээс тогтолцооны шинэчлэл эхэлнэ гэсэн чухал санааг хэллээ. Олон нийт ч ийм байр суурь дээр бат зогссоор байгаа нь дамжиггүй.
Бэлтгэсэн Ж.Сувд