Монголын уран зургийн галерей 2019 оноос ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэх, уран бүтээлийг нь сурталчлан таниулах зорилгоор цувралаар үзэсгэлэн толилуулж буй. Үүний хүрээнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд дэлгэлээ. Тэрбээр бие даасан 14 дэх үзэсгэлэнгийнхээ талаар “Өнөөдрийн дэлгэсэн бүтээлүүдийг 1965 оноос хойш туурвисан. Онцлог заримаас нь дурдвал, социализмын үеийн Улаанбаатар хотын бүтээн байгуулалт болон түүнд оролцсон хүмүүсийн хөрөг зургууд бий. Мөн мартагдаж хоцорсон сүм, хийд, түүхийн улбаа болох зургууд дэлгэсэн. Би аливаа нийгмийн тухайн үеийн байдлыг уран зурагт шилжүүлж, өнгөрсөн болон хойч үеийн амьдралыг уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Энэхүү үзэсгэлэнд 170 гаруй бүтээл дэлгэлээ” гэсэн юм. Үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, зураач Г.Дунбүрээ нь 1965 онд “Борооны дараа”, “Арван адуу” зэрэг анхны бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож эхлэн, 1968 онд “Арван улаан ямаа”, 1971 онд “Монгол транс”, “Фронтод” зураг нь үзэгч олны талархлыг хүлээж байв. 1990-ээд оноос Нийслэл хүрээний түүхэн хөгжлийг судалж “Есөн гудамж”, “Гаалийн хороо” , “Өндөр хоршоо”, “Бөмбөгөр ногоон”,”Өргөө” зэрэг бүтээлээ туурвиж, 1991 онд “Зөн совин”, 1994 онд “Өнгө аяс”, 1995 онд “ Их хүрээ”, 1999 онд “Номын хүрээ” үзэсгэлэн дэлгэж, Улаанбаатар хотын түүхийг уран зурагт мөнхөлжээ.