Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Б.Жаргалан арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тэрбээр “Олон жилийн дунджаас үзэхэд, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт арваннэгдүгээр сард агаарын температур 16-20, говийн бүсэд 2-8, бусад газарт 8-16 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт 6-8, Их нууруудын хотгор болон говийн аймгуудад 0.2-2, бусад бүсэд 2-6 мм ордог. Харин энэ арваннэгдүгээр сард ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт олон жилийн дунджийн орчим байна. Баян-Өлгийн нийт, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр цас ахиу орох бол бусад буюу ихэнх нутагт хур тунадас бага байх төлөвтэй” гэв.
Бэлтгэсэн Ж.Сувд