Нийслэлийн гудамж, цөөн хэдэн цэцэрлэгийн мод нүцгэрээд ирэхийн цагт халтар, халцархай нь хэтэрсэн байшингуудын хана ил гараад муухай. Энд тэнд цахилгааны утас арзайж сарзайн харагдах нь түгшүүртэй. Жилийн жилд ийм байдаг. Цаашид ч бас энэ чигээр нь он жилүүдийг үдэх үү.
Хэдхэн хоногийн өмнө төр, засгийн 30 дугаар байрны хашааг цагаанаар будаж байгааг харахад хэтрүүлэн хэлбэл нүдний нулимс гарах гэж байна лээ. “Өөд нь татаад, овоо доо” гэж өөрийн эрхгүй бодов. Яагаад онцгой санагдав гэхээр өнгөрсөн зун болон энэ намар орон сууц, албан байгууллагын байшинг будаж, оохордож байхыг бараг хараагүй болоод тэр юм.
Социализмын үед Улаанбаатарын цөөн хэдэн байшинг байсхийгээд буддаг байв. Тухайн үед тэгэх ёстой гэж боддог байсан юм болов уу, ер нь анхаарал төдийлөн хандуулдаггүй байж. Гэтэл одоо нийслэлийн хорооллууд дахь ноорхой тэмээ шиг болсон барилгуудыг харах бүрийдээ хэнээс ч юм ичиж, зовох юм. Зун хөдөө явж, байгалийн сайханд амраад буцаж ирэхдээ баруун талаас орж ирсэн хүмүүс замд нь таарах I хорооллын есөн давхар шар байшингуудын тухай ярьдаг. “Аймаар болчихож. Хэзээ өнөөгүй нурах байх. Гаднаас нь шар эмульс түрхчихэж болдоггүй юм уу. Тийм байранд яаж амьдардаг байна” гэнэ. Хотын зүүн талаас орж ирсэн нь Амгалан, XVI хороолол хавийн байшин барилгын үзэмжгүй, орчны шороо тоосыг яана аа гэж шогширдог.
Баянгол дүүргийн III, IV, мөн “Бичил” хэмээх хорооллын ижилхэн, дөрвөлжин, есөн давхар барилгуудыг харахад ёстой л, тэнд хүмүүс яаж амьдардаг юм бол гэхээр “царай муутай”. Гаднаасаа ингэж харагддаг байшингуудад айлуудын зарим нь ямар гоё амьдардаг билээ. Өөрсдийн хүссэнээр орчин бүрдүүлсэн байдаг. Тавилга сэлт нь сүүлийн үеийнх. Үнэ өндөртэйгөөс нь сонгох нь ч элбэг. Эзэгтэй нар янз бүрийн гоё цэцэг тарьдаг. Бичээд байвал нийслэлийн оршин суугчид энд дурдаад буй халтар байшингуудад хэрхэн тав тухтай амьдардаг талаар дэлгэрэнгүй зураглаж болно. Гэтэл тэдний амьдардаг байшин нь гадна талаасаа зурагт харуулсан лугаа адил салбагар. Өнгөлгөөний шавар, шохой нь хуулраад, тоосго, цемент нь цухуйчихсан, тагтыг нь битүүлсэн байлаа гэхэд дэндүү бохир ажилласнаас энд тэндээс нь элдэв юм цухуйчихсан, шил нь хагархай, хамгаалалтын тор нь зэврээд хөсрий төмөр шиг болчихсон. Ханын гадаргууг хэдэн арван жилээр өнгөлөөгүй болохоор нэлэнхүйдээ тортогтой.
Бид өөрсдийгөө их хотын иргэд гэж их тоодог доо. Гэтэл их хотыг бүрдүүлэгч, ялангуяа өөрсдийн амьдардаг орон сууцын хороолол, байшин барилгуудын өнгө төрхөд огтхон ч санаа тавьдаггүй нь хачирхалтай. “Бид яаж санаа тавих юм бэ. Хариуцдаг байгууллага байдаг,СӨХ-ийн мөнгө гэж сар бүр хураадаг шүү дээ. Тэдний ажил” гэх байх. Тогтолцоо ийм болсон хойно арга ч үгүй юм. Бодит байдал дээр оршин суугчдаас сар бүр мөнгө хураадаг СӨХ-ыхон “Байшин будах мөнгө байхгүй” гэдэг. Үнэхээр мөнгө нь хүрдэггүй юм уу, эсвэл байшингуудыг будаж, өнгөлөхийг хүсдэггүй юү. СӨХ-ныхон айлуудаас хураасан мөнгийг хэрхэн зарцуулдгийг хянаж, шалгах эрх иргэдэд бий. Оршин суугчид тухайн байгууллагаас байшингаа будуулах мөнгө гаргуулж чаддаггүй юм бол хэлдэг, ханддаг газарт нь асуудал тавьж, шийдүүлэх ч эрхтэй. Даан ч тэд ингэж явдаггүй бөгөөд орон сууц нь өнөөх л янзаараа байж байдаг. Тийм байх ёстой юм шиг.
Энэ нь нэг талаас иргэдийн санаачилгын асуудал, нөгөө талаас бол нийслэлийн захиргаа, удирдлагуудын хариуцах ажил. Болохгүй бол “лүндэн” буулгах замаар СӨХ-дыг санаачилгатай, идэвхтэй ажиллуулах эрх нь тэдэнд бий. Иргэдийн болоод их хотын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй СӨХ-г тарааж, шинээр бүрдүүлэх хүртэл арга хэмжээ авах субъект түүнээс өөр байхгүй. Нийслэлийн ИТХ-аар энэ талаар ер нь ярьдаг юм болов уу. Төлөөлөгчдөд хамаагүй гээд авч хэлэлцдэггүй юү.
Нийслэлийг бүхэлд нь ажиглавал эрхбиш сүүлийн арван жил орчмын хугацаанд барьсан барилгууд сайхнаараа. Насжилт түүнээс жаахан л цаашлах юм бол холцроод эхэлсэн нь олон. Барилгажуулалтын шинэ үеийг 2010-аад оноос эхтэй гэдэг. Тэр үед босгосон орон сууцын хорооллуудын байшингууд ч гэсэн аль 1970-1980-аад оныхоос дутахгүй гундуу харагдаж буй.
Улаанбаатараа тэнгэр баганадсан гял цал барилга бүхий, 14 сая хүн амтай Токиотой, ердөө гуравхан арваны хугацаанд эрчимтэй хөгжсөн 10 сая оршин суугчтай Сөүлтэй харьцуулах албагүй. Гэхдээ л тусгаар тогтносон улсын гурван сая хүн амын тал хувийг агуулан “амьсгалж” байдаг нийслэл гэдэг “хүн” сэтгэл, сэтгэлгээ, дотор эрхтэнүүдийн хувьд эрүүл байхын сацуу арьс, үс, хумс, хуруу нь гоо буюу өнгө, үзэмж сайхан байх аваас иргэд бидний нийслэлээ хэмээн дотносох сэтгэл өөдрөг, нийслэлийн иргэний үнэлэмж өндөр байх учиртай сан.
Халтайж, халцарсан байшингуудын зэрэгцээ улиг болтол бичдэг өнөөх цахилгааны аюул хамар дор хэвээр л байх юм. Нийслэлийн захиргаанаас тусгайлан, хөрөнгө санхүү чамгүй зарж бий болгосон, төв талбайн баруун талд байх Өглөөний гудамж бүхий байшингийн нөгөө талд л гэхэд өнгө үзэмж дорой, нэгдүгээр давхарт нь үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудынх бололтой, цахилгааны шугамууд ил задгай, хэзээ, өнөөгүй гал авалцах вий гэхээр. Нэг дор хэдэн утас байгааг зургаас хараарай.
Хотынхоо гудамжаар алхах сайхан. Энэ мэтийн бараан, балиар юмнуудыг харсан ч хараагүй юм шиг өнгөрөхийг хичээх бол харин хэцүү. Байдлыг засахын тулд улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө суулгуулах гэж зүдрэх хэрэггүй. Гадаадын байгууллагуудаас мөнгө гуйх шаардлагагүй. Сар бүр СӨХ-д тушаадаг мөнгөнийхөө араас санаа тавихад ч гол нь биш, гагцхүү хотын өнгө, үзэмжийг сайжруулчих юм сан гэсэн сэтгэл байхад болох юм.
Энэ үг иргэнд ч, нийслэлийн захиргаа, удирдлагад ч хамаатай.