Явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, түр хашаа барьсан нь нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж 24 цагийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах бичгийг “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газраас хүргүүлэв.
Тус компани нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, өөрөөр хэлбэл Герман Улсын Элчин сайдын яамны хойно барилга барьж буй аж.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ардабек, “Түр хашааг 24 цагийн хугацаанд өөрийн эзэмшил рүү татаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг албан ёсоор даалгалаа. Шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авна” гэв.
“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьжээ. Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан иргэдээс олон төрлийн гомдол, мэдээлэл ирдэг бөгөөд тэдгээрийн дотор хувийн компаниуд барилгын ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан тухай гомдол цөөнгүй байдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.