Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.1 км авто замыг шинэчлэн, сайжруулах, өргөтгөх шийдвэрийг 2018 оны есдүгээр сард Засгийн газраас гаргасан. Улмаар дараа жилийнх нь зургадугаар сард ажлаа эхлүүлснээс хойш ийнхүү гурван жил өнгөрлөө. Уг замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн. Тэгэхээр дөрвөн жил гаруйн хугацаанд 204.1 км зам барьж дуусгана гэсэн үг. Энэ нь нэг жилд 50, гурван сард 10 гаруй км л авто зам барьж буй дэндүү удааширсан ажил болж байна. Санхүүжилтийг нь Европын сэргээн босголт, хөгжлийн болон Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа ч цар тахал дэгдсэнээс үүдэн хилээ хаасан, ажил гүйцэтгэх компаниудын сонгон шалгаруулалт удааширсан зэргээс шалтгаалж ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсон хэмээн албаны хүмүүс тайлбарладаг. Өдгөө дээрх ажлын явц ямар байгаа бол. Хуучин авто замыг нь шинэчлэн сайжруулах ажлын эхний хоёр багц буюу баруун аймаг руу салах тойргоос Хар модотын давааны ар хүртэлх 37.2, Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажлыг гүйцэтгэж буй “Арж капитал” компанийн геодезийн инженер Л.Баянмөнхтэй холбогдон дараах зүйлийг тодрууллаа.
-Санхүүжилтийг нь бүрэн шийдсэн байтал Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам барих ажил ахицгүй, олон жил зарцуулж буйд иргэд бухимдаж байна. Танай компанийн хувьд ажил хийхэд бэрхшээл тулгарч байна уу?
-Бүтээн байгуулалтын ажилд ахиц гарахгүй байгаад хил хаасан, хөл хорио тогтоосон, улс хоорондын ачаа тээвэр саатаж буй нь нөлөөлсөн. Авто зам барихад шаардлагатай материал, техникийн 70 орчим хувийг урд хөршөөс авдаг. Манай компанийн хувьд өнгөрсөн есдүгээр сараас ажлаа эхлүүлсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэсээр энэ намрын ажлаа аравдугаар сард багтаан дуусгана.
Дулааны улиралд байрлан ажиллуулж, хувцас, хоолоор ханган, нэг сард багадаа нэг сая төгрөгийн цалин өгье гэхэд хүн олдохгүй янзтай. Зарим нь ганц, хоёр өдөр болоод “Хөдөө гадаа ажиллаж чадахгүй нь” гээд явчих юм. Цалин мөнгөө нь голох нь ч бий. Ер нь хар бор ажил хийх хүн улам ховордсоор байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил нэг үеэ бодвол хүнд хүчир байхаа больсон. Техникээр дийлэнх ажлаа нугалдаг.
-Эрээний боомтын хөдөлгөөнийг хаасан нь хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Дээр дурдсанчлан энэ намрын ажлыг удахгүй дуусгана. Шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээ өмнө нь татсан байсан. Одоогоор дутагдаж гачигдсан зүйл алга.
-Хийсэн ажлын санхүүжилтийг нь саадгүй олгодог уу. Барилгын материалын үнэ нэмэгдсэн нь авто замын бүтээн байгуулалтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүдэд нөлөөлөв үү?
-Санхүүжилт саатдаггүй. Зөвхөн барилгын материал гэлтгүй шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэлээд өслөө. Мөн манай хариуцсан хэсэгт шаварлаг хөрс ихтэй учраас чулуу, хайрга чигжих зорилгоор хөрсөө 1.2 метр хүртэл гүн ухаж, төлөвлөөгүй зардал гаргаж буй. Тиймээс зардал нь төсвөөсөө давах шинжтэй болсон. Ийнхүү зайлшгүй гарсан зардлыг бид баталгаажуулж, санхүү хариуцсан талд мэдэгдэнэ. Гэхдээ төсөвтөө багтаан ажлаа гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас зардлын нэмэгдлийг хэн хариуцахыг хэлж мэдэхгүй нь.
-Ирэх хавар ажлаа хэдийд эхлүүлэх вэ. Нэг, хоёрдугаар багцын бүтээн байгуулалтыг хэзээ дуусгах бол?
-Өвөл хийх боломжтой чулуу бутлах, хайрга татах, техникийн угсралт, үйлдвэрлэлийн бэлтгэл хангах ажлыг хийсээр байх юм. Авто зам тавих үндсэн ажлаа ирэх гуравдугаар сард эхлүүлнэ. Хэрэв хүн хүч хүрэлцээтэй байвал ирэх хавар, зун талбайд 250-300 техник ашиглан, 550-600 хүн ажиллуулж 2022 оны аравдугаар сард багтаан ажлаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. Хуучин авто замыг нь сайжруулж, шинэчлэх ажил хийж буй бусад компани ч ирэх онд багтаан ажлаа дуусгах үүрэг авсан гэв.
Дээрх чиглэлд нийт 10 багц ажил хийж буй бөгөөд одоогоор гурван багцынх нь ажил дуусжээ. Авто зам барих гэрээ байгуулаад нэг өдөр ч ажиллаагүй урд хөршийн компанийн гэрээг хоёр жилийн дараа цуцлуулж, өөр аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан тохиолдол гарсныг Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Дамдинням дурдсан. Тэрбээр “Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд өдөрт 5000, баяр ёслолын үед 15 000 тээврийн хэрэгсэл зорчдог, хойд, урд хөршийг холбосон эдийн засгийн гол магистрал зам. Ажил урагшлахгүй байгаад Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр шалтгаан хэлдэг. Нэгдүгээрт, коронавирусийн тархалтаас үүдэн хилийн хорио тавьсан, ачаа тээвэр саатсан. Хоёрдугаарт, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл үүссэн буюу сүүлийн хоёр жил хур бороо элбэг байснаас ажил хийх өдрийн тоо цөөрсөн гэдэг. Ямар ч шалтгаантай байсан ийм урттай замыг удаан хугацаанд барьж байгаа нь хариуцсан яамныхан нь хангалтгүй ажиллаж буйн илрэл. ЗТХЯ-ныхан менежментийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч буй бололтой” хэмээн өнгөрсөн долоо хоногт ярьсан удаатай.
Тэгвэл ЗТХЯ-наас Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж буй гэлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй таван багц ажлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар дунджаар 70 хувьд хүрчээ. Тодруулбал, баруун аймаг руу салах уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх 37.2 км авто замын ажлын гүйцэтгэл 85.4, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.7 км авто замын ажлын гүйцэтгэл 89.4 хувьд хүрчээ. Мөн Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.5 км авто замын ажлын гүйцэтгэл 93 хувьд хүрээд байгаа аж. Харин хоёр болон дөрөвдүгээр багцын ажил саатсан байна. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийх таван багц ажлын явц 25 хувиас давжээ. Дөрвөн эгнээ зам барих ажлын хүрээнд гүүр, хоолой, хиймэл байгууламж барьж, суурийг нь хучих ажлыг энэ сард багтаан дуусгах юм байна. Улмаар нэг, гурав, тавдугаар багц болох 113.5, хоёр, дөрөвдүгээр багц болох хуучин асфальтан хучилттай 53.5, хучилтгүй 37 км шороон замын хөдөлгөөнийг ирэх сарын 15-наас өмнө нээхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, дээрх чиглэлд дөрвөн эгнээтэй, 202 км шинэ авто зам барихад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд уг замыг 2023 онд ашиглалтад оруулах аж. Энэ нь нэн хөнгөлөлттэй буюу эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлж, нийт 18 жилийн хугацаанд төлөх зээл юм. Харин хуучин 204.1 авто замыг нь сэргээн сайжруулахад Азийн хөгжлийн банкнаас 27 жилийн хугацаатай, 60 сая ам.долларын зээл олгосон юм. Үүний 1.5 сая нь буцалтгүй тусламж аж.