Телевизийн урлагийн оддын нэг, “MN 25 дугаар суваг” телевизийг үүсгэн байгуулагчдын нэг сэтгүүлч, редактор, хөтлөгч А.Авирмэдийн охин А.Намуужин аавынхаа мэндэлсний 65 насны ойг тохиолдуулан гаргасан “Эр бор харцага-Авираа” хэмээх дурсамж, хөрөг, ярилцлага, нийтлэлийн номынхоо хуримыг өөрийнхөө төрсөн өдөр буюу өчигдөр зохион байгуулав. “Аз хур” номын их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт сэтгүүлч А.Авирмэдийн гэргий, хүүхдүүд, уг номыг эмхэтгэсэн сэтгүүлчид, ажлын хамт олон, найзууд нь цуглан, номыг хамтдаа нээсэн нь сэтгэлд хоногших хамтын баяр байлаа.
А.Намуужин “MN 25 дугаар суваг” телевизэд нягтлан бодогч ажилтай. Аавынхаа ажил үйлс, бүтээл туурвилын талаар хөрөг нэвтрүүлэг хийж, энэхүү “Эр бор харцага-Авираа” номон суваргыг босгохын тулд аавтай нь мөр зэрэгцэн ажиллаж байсан олон ч хамтрагч, найз нөхөдтэй нь биечлэн уулзаж, ярилцжээ. Тэрбээр “Хөрөг нэвтрүүлэгт багтааж хараахан чадаагүй материалуудаа номдоо голчилж оруулсан юм” гээд эмхэтгэж, хэвлэлд бэлтгэсэн сэтгүүлч Ш.Даваадорж, Д.Заяабат болон дизайнер Ч.Эрхэмбаяр нарт талархсанаа илэрхийлсэн юм.
Номын хуримыг Авираагийн анд нөхөр, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар хөтөлсөн. Морин хуурчид Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлэн зочдыг залсны дараа хөтлөгч уртын дуучин Б.Алтанжаргалыг монгол ардын уртын дуу “Эр бор харцага”-аа шуранхайлуулахыг урив. Мөн хөтлөгч дуучинд найз Авираагийнхаа аялах дуртай “Ганган хул”-ыг захиалан дуулуулсан нь ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөх шиг болсон. Задгай сайхан хоолойт залуу “Ганган хулыгаа унаж л явлаа даа” хэмээн донжтой гэгч нь дуулах ахуйд Ерөнхий сайд асан С.Баяр “Эр бор харцага-Авираа” номын үүд нээх уялга үгэндээ “Бага залуугаасаа үерхсэн бидний хэдэн нөхөд бий. Авираа тэдний нэг нь байлаа. Анд найз минь хорвоог арай л дэндүү эрт орхиод явж дээ. Үүнээс болсон уу, эсвэл биднийг нэгтгэсэн онцгой нэгэн холбоос байв уу, анд минь бидэндээ дэндүү их үгүйлэгдсэн хэвээр. Ялангуяа амьдралын бэрхшээл зовлон тохиолдоход, эсвэл эрсийн жаргалаа эдлэхээр эзгүй хээр гарахад Авираагаар бид дутдаг. Авираа маань “Хүн хүнээрээ байх л хамгийн гоё. Дээр үед аав, ээж нар “хүнээ алдсан” гэж зарим хүнийг загнадаг байлаа. Хүнээ алдаад, хүн биш болчихвол яах юм бэ. Ямар ч нөхцөлд, духан дээр чинь буу тулгачихсан байлаа ч, хүнээрээ л үлдэх ёстой. Үхэж байх үедээ ч араатан шиг юм уу, хөгийн зан гаргаж болохгүй. Тэгэхээр би хүн шиг байгаад л дуусна” гэж ярьсан нь бий. Авираа авьяаслаг сэтгүүлч, жинхэнэ монгол эр хүн байсан юм…” хэмээн бичсэн нь нүдний өмнүүр дурайх шиг болж байв.
Сэтгүүлч А.Авирмэдийн гэргий Г.Цогзолмаа охиндоо талархаж, аавынхаа амьдрал замналын талаар телевизийн нэвтрүүлэг, ном бүтээсэнд туйлын их баярлаж буйгаа илэрхийлэхдээ “Би охиноо сайхан сэтгэлтэй, ухаантай, хөдөлмөрч гэдгийг мэднэ. Энэ бүхэн ааваас нь өвлөгдсөн юм байна гэдгийг сүүлийн үед илүү ойлгоод байгаа” гэсэн юм. “MN 25 дугаар суваг” телевизийг үүсгэн байгуулагч, захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтай “Авираатайгаа 30-аад жил нэг өрөөнд сууж, нэг агаараар амьсгалсан. Бие биеэ ойлгодог, дэмждэг, нэг нь нөгөөгөө нөхөөд явдаг, нэг удаа ам муруйж юм уу, нэгэндээ дуугаа өндөрсгөж үзээгүй. Жагаа (Л.Жаргалсайхан), Галсаа (Д.Галсанжаргал) бид бүгд нэгэн зорилготой, хийнэ, бүтээнэ гэсэн үзэл бодолтой хамтран зүтгэгчид юм. Авираагийн маань бодож, төлөвлөж байсан бүхэн бүтсэн. Телевизийнхээ 25 жилийн ойг ард түмэнтэйгээ хамт тэмдэглэлээ. Сайн нөхөд минь ирлээ, баярыг маань хуваалцлаа. Үүнээс илүү сайхан юм гэж хаана байх билээ. Энэ богинохон амьдралд санаж зорьсноо биелүүлсэн бол хүн болсны хэрэг бүтдэг бололтой юм. Өнөөдөр бүгд л найзын минь тухай сайн, сайхнаар ярьж, дурсаж байна. Энэ нь Авираа маань сайхан амьдарч, сайн үйлс бүтээснийг хэлээд өгч байна. Гуньж, гунихрах хэрэггүй юм. Амьдрал явдгаараа явж байна. Бид үргэлж хүний төлөө ажилладаг юм билээ. “Би”, “Мартахгүй” гэх зэрэг нэвтрүүлгийг аваад үзсэн ч дандаа л тэрийг мартчих вий, үүнийг орхичих вий, тийм ч бүтээлтэй, ийм ч гавьяатай хүн гээд байдаг. Гэтэл эргээд харахад өөрсдийгөө мартсан байх нь бий. Тэгэхээр ном бүтээнэ гэдэг сайхан, зөв. Сайн нөхрийн минь эерэг сайхан энерги цаашид ч олон хүнд хүртэх болох нь” гэсэн юм.
Номын агуулгыг бүрдүүлсэн материалуудыг уншихад сэтгүүлч А.Авирмэд гэж хэн бэ гэдэг нь харагдана. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Авираа бол телевизийн сэтгүүлчдийн том судлагдахуун юм” гэжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал “Авираа бол хийгээд, нэвтрүүлээд л нэрд гардаг байсан” гэж. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион түүнийг шинэ санааны уурхайчин гэсэн бол Ерөнхийлөгч асан Н.Баганбанди түүнийг “Мөнхөд асаалттай сэтгэлийн гал” хэмээжээ.
Номын хуримын төгсгөл орчимд хөтлөгч “Сайхан байна. Хүүхдүүд нь цуглаад ижийнхээ тухай ярьж байгаа юм шиг аясхан өдөр байна. За, бүгдээрээ, наашаа дөхөөрэй, Авираагийнхаа брэнд нэвтрүүлэг “Дөрвөн бэрх”-ийг бэлгэдэн шагай хаяж, дөрвөн бэрх буулгасан нь бэлэг авъя” гэснээр Авираагийн гэр бүлийнхэн, найзууд нь дөрвөн бэрх буулгахын төлөө бужигнаж эхэлсэн юм.