Та идлэг шонхрын талаар хэр ихийг мэдэх вэ. Үндэсний бахархалт шувуу гэдгийг эрхбиш гадарлах байх. Монголчууд арабуудад энэ шувууг жил бүр олноор нь бэлэглэсээр ирснийг гарцаагүй сонссон болов уу. Үүнээс илүүг мэдэх үү. Өдгөө Монголд чухам хэчнээн үлдсэн бэ. Үндэсний бахархалт шувуу, биологийн нөөц баялгаа соёлын зориулалт гэх нэрийдлээр гадаадын орон руу хайр гамгүй “зөөдөг” улс Монголоос өөр бий юү. АНЭУ руу экспортлох шувуудыг ямар аргаар хэрхэн барьдаг бол. Арабчууд шувуулахуйн соёл хийгээд шонхорт хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ. Дэлхий дахинд шонхрын худалдаа ямар замаар өрнөдөг вэ. Эдгээр асуултад хариулт эрсэн мэдээллийг шувуу судлаач Г.Доржлхагваас авлаа. 2017, 2019, 2020 онд АНЭУ-д судалгааны ажлаар очсон тэрбээр идлэг шонхор, түүнийг тойрсон асуудлыг хамгийн сайн мэдэх судлаач юм. Яг үнэндээ монголчууд бид эл жигүүртнийг үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжлөөд 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч түүнийг болжморын дайтай зүсэлж, бүргэдийн хэмжээнд мэддэггүй юм билээ.
ҮРЖҮҮЛГИЙН ШОНХОР “МООД”-НД ОРЖЭЭ
Сүүлийн 10 жилд шонхрын импорт олон улсын анхаарлын төвд буй гэнэ. Импортын худалдааны гол дөрвөн зүйлд идлэг (falco cherrug), цагаан (falco rusticolus), эгэл (falco peregrinus) болон эрлийз шонхор багтдаг аж. Эрлийзжүүлэхдээ хоёр төрлийг хооронд нь (тухайлбал, идлэг, эсвэл цагааныг бусад харь төрлийн юм уу, шилийн шонхортой) эвцэлдүүлэх байдлаар үржүүлдэг байна. Зориудын ийм аргаар үржүүлсэн шонхор бие томтой, тэвчээртэй, Ойрхи Дорнодын уур амьсгалд илүү нийцсэн, гоо зүйн хувьд үзэмжтэй байдаг учир бизнес эрхлэгчид цэвэр үүлдрээс нь илүү үнэлдэг гэнэ.
Шонхрын худалдаа эрчимжихийн хэрээр улс орнууд фермийн үйл ажиллагааг идэвхжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зориудаар үржүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэсэн үг. Зэрлэг ба үржүүлгийн шонхрын зах зээл дэх үнийн зөрүү ч багасжээ. Энэ онд Саудын Арабад болсон дуудлага худалдааны үеэр АНУ-ын нэгэн фермийн “бүтээгдэхүүн” 466 мянган ам.долларын үнэд хүрчээ.
Манай улстай ойр орших ОХУ, Казахстан, Узбекистан, Киргиз сүүлийн жилүүдэд энэ чиглэлд онцгой анхаарч, үр ашиг хүртэх болжээ. Дэлхий нийт биологийн төрөл зүйлээ ийнхүү хамгаалж, устахаас сэргийлж буй бол Монгол Улс үүний эсрэг “ажиллагаа” явуулсаар өнөөдрийг хүрэв. Шонхрыг зэрлэгээр буюу эх байгалиас нь шууд барьж, экспортолдог орон Монгол, Пакистан, Египетээс өөр үгүй гэнэ. Харин олон улсын хэмжээнд устаж болзошгүй, бүс нутгийн түвшинд эмзэг статустай идлэг шонхрыг зэрлэгээр нь худалддаг ганц орон нь манайх аж. Судлаач Г.Доржлхагва “XXI зуунд, шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ үед шонхроо зэрлэгээр нь экспортлоод байж болохгүй. Нэг хүн “Шонхор бол өсдөг, төлждөг баялаг” гэж ярьсан байна билээ. Үүнийг би үгүйсгэдэг. Энэ бол шавхагддаг баялаг. Ялангуяа Монгол шиг тооцоо судалгаагүй, бодлогогүй экспортолдог орны хувьд дорхноо шавхагдана” хэмээн ярьсан юм.
ХЭД ҮЛДЭВ, ХЭЧНЭЭНИЙГ ЗАРСАН БЭ
Шонхрын тоо толгой, нөөцтэй холбоотой асуудал ихээхэн маргаан дагуулдаг. Албаны хүмүүс “том” тоо хэлж, нөөц нь өсөх хандлагатай гэсэн мэдээлэл өгдөг бол мэргэжлийн байгууллагынхан, судлаачид үүний эсрэг зүйл ярьсаар ирсэн. Одоогийн байдлаар 13 000 гэсэн тоон дээр тогтоод буй. Энэ хэр ханатай үзүүлэлт вэ хэмээн судлаачаас асуухад “БОАЖЯ санхүүжилтийг нь шийдсэний үндсэн дээр ШУА, МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг байгууллага хамтран 2018 онд идлэг шонхрын тоог тогтоох судалгаа хийгээд, дунджаар 10 гаруй мянга гэж үнэлсэн. Үүнээс өмнө 1998-2006 онд АНЭУ-ын санхүүжилтээр БОАЖЯ, ШУА, МУИС хамтран хэрэгжүүлсэн төслийнхөн 6500-13 000-ын хооронд хэлбэлздэг гэсэн тооцоо гаргасан. Үүнээс үзэхэд шонхрын тоо толгойг нарийвчлан тогтоох боломжгүй юм билээ. Гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгойг нь зориуд өндөр тогтоож, судалгааны үр дүнд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хардлага судлаачдын дунд байдаг” гэв.
Тухайн биологийн төрөл зүйлийн тоо толгой харьцангуй тогтвортой тохиолдолд эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүй ёсны хэрэг. Олон улсад ийм туршлага өчнөөн бий. Эндээс “босгосон” орлогынхоо тодорхой хувийг байгаль орчныг нөхөн сэргээхэд, хамгаалахад зарцуулдаг. Харин манай улс энэ “хууль”-ийг харгалзалгүй, бодит байдлыг үндэслэлгүйгээр хил давуулахаа урьтал болгосоор ирсэн нь гол алдаа юм. Монгол Улс Арабын хойгийн орнууд (Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар, Кувейт, Сири) руу шонхор экспортолсон эхний 20 жилд гэхэд 16 мянга орчим тоо толгойг харьд илгээжээ. Үүний 22 хувийг нь амьдаар, үлдсэн буюу зонхилохыг нь тодорхой бус байдлаар экспортолсон байна. Зэрлэг амьтны худалдааны тэргүүлэх төрөл зүйлд шонхор багтав. Монголын төр нэг “гар”-аараа энэ шувуунд үндэсний бахархалт гэсэн титэм зүүгээд, нөгөөгөөрөө хоморголон устгасаар иржээ.
ШУВУУЛАХУЙН НОЁН ОРГИЛ
Уг нь АНЭУ-д “Зэрлэг шонхор импортлохыг хориглоно” гэсэн хууль бий аж. Гэвч энэ нь Монголын олон хууль, журам адил цаасан дээр л хэрэгждэг гэнэ. Шонхрын экспортын гол төвлөрөл, бизнесийн халуун цэгт мөрдөгддөггүй энэ хуулийг гууль болгоход “хувь нэмэр” оруулдаг цөөн улсын нэг нь Монгол. Тэд биднээс ялгаатай нь шувуулахуйг жинхэнэ утгаар нь хөгжүүлжээ. Энэ утгаар нь шувуулахуйн ноён оргил гэдэг юм байна. Тиймээс улсад нь ховор байдаг идлэг шонхрыг соёлын зориулалт, бэлэглэлийн шугам гэх боловсон үгээр халхавчлан хууль бусаар “авсаар” иржээ.
Арабын хойгийн орнуудад шонхрын наймаа аль дундад зууны үеэс цэцэглэж, хөгжжээ. Мөнгөн тэмдэгтээс эхлээд аль хүндтэй бүхэнд эл шувууны дүрсийг мөнхөлсөн аж. Гудамж, талбайд нь шонхрын зураг элбэг гэнэ. Саяхан тус улс “Шонхор” гэдэг нэртэй хиймэл дагуул хөөргөсөн талаараа мэдээлжээ. Шувуу хамгааллын чиглэлээр олон төрлийн ажил хийдэг юм байна. Түүнчлэн шувуулахуйн соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдгаараа онцлог. Гэтэл энэ соёлын эх үүтгэл болсон манай улс одоо “туслан гүйцэтгэгч” төдий үүрэг гүйцэтгэж, байгалийн нөөцөө барьж “гүйсээр” байгаа нь харамсалтай. Шувуулахуйг 3500-4000 жилийн өмнө Монголд үүссэн гэж үздэг бөгөөд үүнийг батлах олон олдвор, дурсгал бийг судлаачид онцолсоор буй.
ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛ СҮҮЛНИЙХ НЬ ӨДИЙГ СУГАЛДАГ
“Арабууд шонхор барихаар ирж гэнэ”, “Тэр аймгийн нутагт арабууд явж байна” гэсэн мэдээ байсхийгээд л чих дэлсдэг. Тэр бүртээ бид “Муусайн арабууд байдгийг минь барлаа” хэмээн шогшроод өнгөрдөг. Тааралдсан болгоноо барьж аваад л явчихдаг юм шиг санадаг. Ямар аргаар яаж барьдгийг нь төдийлөн сонирхдоггүй. Гэтэл тэд шонхор болон бусад жижиг шувууны аминд халтай аргаар, зөвхөн шаардлагад нь нийцсэнийг шилж авдаг юм байна.
Тухайлбал, идлэг шонхрыг барихын тулд тагтаа ашиглах нь түгээмэл гэнэ. Тагтааны нуруунд урхи зүүж, өгөөш тавьдаг аж. Шонхор энэ өгөөшийг нь “үмхэхгүй” байх тохиолдол олон. Тагтаа энэ бүхнээс үл хамаараад ямар ч тохиолдолд үхдэг байна. Тэд ийм аргаар барьсан шонхроо нас, зүсээр нь шинждэг. Шаардлага хангавал авна. Үгүй бол сүүлнийх нь өдийг сугалж, таних тэмдэг тавьдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, аль өнгөтэй өөдтэйг нь аваад, таалалд нь нийцээгүйг эрэмдэглэж орхидог гэнэ лээ.
Шонхор барих ажилд мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, экологид хор хохирол багатай арга ашиглах нь зүйтэй аж. Гэвч Монголд ийм зорилгоор ирж байгаа хүмүүс энэ шаардлагыг хангадаг, эсэх нь ихээхэн эргэлзээтэйг Г.Доржлхагва онцолсон. Тэрбээр “Биологийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголт хомс хүмүүсийг Монгол руу явуулаад байх шиг санагддаг. Ийм байдлаар (өдөө сугалуулснаас) хохирч, үхсэн шонхортой өчнөөн дайралдсан. Заримыг нь асарч тэнхрүүлээд, байгальд тавьдаг” гэв.