Монголын улстөрчид 10 хувь гэсэн тоонд маш хайртай. Төсвийн хөрөнгөөр босгож буй бүтээн байгуулалтын санхүүжилтийн 10 хувийг улстөрчид халаасандаа хийдэг гэсэн баримт, барим тавим яриа гарах нь бий. Өдгөө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй нэгэн эрхмийг хэвлэлүүд “10 хувийн хэн” гэж онцлон бичихийг удаа дараа харлаа. Олон эдийн засагч ерөөс улсын төсвийн зарлагын 10 хувиар төрийн захиргааны удирдах шатны ажилтнууд хэтэвчээ зузаалдаг гэж дүгнэх болов. Манай улсын ирэх оны төсвийн зарлага 18.1 их наяд төгрөгт хүрнэ гэж Сангийн яамныхан тооцжээ. Эдийн засагчдын дүгнэлт бодит бол төрийн захиргааны удирдах ажилтнууд төсвийн 1.8 их наяд төгрөгийг “идэх” нь. Тэгэхээр 10 хувь гэдэг албан тушаалаа урвуулан ашиглах, авлига авах гэмт хэргийн тогтсон хэмжүүр бололтой. Монголын улстөрчид өөрсдийн энэ хандлагаа дагаад аливаа зохицуулалт хийхдээ 10 хувь гэсэн хэмжүүрийг ашиглах дуртай юм болов уу.
Аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын, нэмэгдсэн өртгийн буюу хэрэглээний, гаалийн татварыг 10 хувиар тогтоосон. Үүнийг татварын тогтолцоонд нэвтрүүлсэн дөрвөн 10-ын зарчим гэдэг. Эдгээрийг 10 хувь хүртэл бууруулснаар Монгол Улс татварын орчин сайтай орон гэж үнэлэгдэх болов. Мэдээж татварын хэмжээг 10 хувиас доош, эсвэл дээш тогтоож болно. Гэхдээ эл тохиолдолд 10 хувь гэсэн хэмжүүр байгаа оножээ. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан. Мөн л 10 хувь гэдэг тоог эл зохицуулалтад улстөрчид ашигласан. Яагаад 15, эсвэл 20 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж тусгаж болоогүй юм бол. Ашигт малтмалын тухай хуулийн эл заалтыг амьдралд нэг ч удаа хэрэгжүүлээгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголын тал 100 хувь эзэмших болсноор хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн. Гэвч Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор хэрэгжүүлэх нөхцөлөөс зайлуулсан юм.
Засгийн газраас Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж буй. Үүнд “Стратегийн ач холбогдол бүхий компаниудаас бусад төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааны 10-аас доошгүй хувийг биржээр дамжуулан арилжих ажлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэсэн заалт тусгажээ. Аанай л 10 хувь гэсэн хэмжүүрийг энд бас “байршуулав”. 10-аас доошгүй гэдэг нь 10 буюу түүнээс дээш хувийг л хөрөнгийн биржээр арилжчихвал хууль зөрчихгүй гэсэн агуулга. Жишээ нь, “Эрдэнэтүйлдвэр”-ийн хувьцааны 11 хувийг олон нийтэд арилжчихвал хууль зөрчихгүй гэсэн үг. Ийм бага босго тавих нь зөв үү.
…УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж байнга ярьдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд тэдний хийх үйлдэл бол ухаалаг шийдвэр гаргах юм. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааны 10 биш, 30-аас дээш хувийг арилжвал хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй…
“Монгол шуудан” төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан нь амжилтад хүрсэн, сайн жишээ болдог. Тус компанийн хувьцааны34 хувийг олон нийтэд 2016 онд арилжсан юм. Хувьцаат компани болсноор менежмент нь сайжран, үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, өндөр ашигтай ажиллах болсон билээ. “Монгол шуудан” компани сүүлийн жилүүдэд 1.1-1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнийхээ 40 орчим хувийг ногдол ашиг хуваарилахад зарцуулж байгааг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харж болно. Тус компанийн хувьцааны 25 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” эзэмшиж буй. Ингэснээр санхүү, бизнесийн салбарт олон жил ажилласан, туршлагатай хүмүүс Төлөөлөн удирдах зөвлөлд нь багтжээ. Засаглалын энэ бүтэц нь “Монгол шуудан” компанийн үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжсан сайн жишээ “Монгол шуудан” юм байж. Тэгвэл яагаад энэ компанийн хувьцааг арилжсан жишгийг дараагийн удаад ч бодлого болгон баримталж болохгүй вэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хуульдаа төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааны 34 хувиас доошгүйг арилжина гэж тусгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд тухайн компанийн хувьцааны багцыг мэргэжлийн хөрөнгө оруулагч худалдаж авна. Төлөөлөн удирдах зөвлөлд нь бизнесийн туршлагатай хүмүүсээ томилно. Энэ нь компанийн үйл ажиллагааг сайжруулахад сайнаар нөлөөлнө. Төрийн болон орон нутгийн өмчит аливаа компанийн хувьцааны 10-хан хувийг арилжина гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид тоохгүй. Ингээд хэсэг бүлэг хувь хүмүүс худалдаж авна. Тэдэнд Төлөөлөн удирдах зөвлөлд нь томилогдох боломж олдохгүй. Тухайн компанийн хувьцааны 10 орчим хувийг нэг хөрөнгө оруулагч эзэмшиж буй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлд нь сонгогдох боломж нээгддэг. Тиймээс төрийн өмчит компанийн хувьцааг арилжиж, засаглалаар нь дамжуулан үйл ажиллагааг нь сайжруулах зорилго өвөртөлж байгаа бол төр хувьцааны 30-аас дээш хувийг нь арилжих, хоёр ч мэргэжлийн хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх нь зүйтэй.
Эрх баригчид, Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааны дийлэнхийг хяналтдаа байлгах сонирхолтой юм болядаж 25 хувийг нь арилжих нь зүйтэй. Хуулийн төсөлд 10 хувь гэж тусгасан учраас хувьцааных нь 90 хувийг хяналтдаа байлгах сонирхолтой юм байна гэж хардлаа. Яагаад 25 хувийг нь хувьчлах ёстой вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Монголын хөрөнгийн биржийн нэг болон хоёрдугаар ангилалд бүртгүүлье гэвэл нийт хувьцааных нь 25 хувийг олон нийтэд арилжсан байх гэсэн шалгуурыг давах ёстой юм. Хэрэв “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 10-хан хувийг арилжвал Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар ангиллын салбарт бүртгүүлнэ. Уг нь биржийн нэгдүгээр ангилалд бүртгүүлэх учиртай, шилдэг компани биз дээ. Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгүүлэх компани “10 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй, сүүлийн жилд таван тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний борлуулалтын орлоготой, эсхүл нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний цэвэр ашигтай. Нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх, эсхүл тухайн компанийн хувьцааны хагас жилээрх арилжигдсан үнийн дүн нь биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн таваас доошгүй хувь байх” гэсэн шалгуур, шаардлагыг хангасан байх учиртай.
Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадвар маш муу. Хувьцааны төвлөрөл ихтэй учраас ийм байдаг. УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж байнга ярьдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд тэдний хийх үйлдэл бол ухаалаг шийдвэр гаргах юм. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцааны 10 биш, 30-аас дээш хувийг арилжвал хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хувьцааных нь 10-хан хувийг арилжиж, хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчийг хувьчилсан нэр зүүн, гуравдугаар ангиллын “үхмэл” компанийн тоог нэмэх хэрэг байна уу. Төрийн өмчийг биржээр дамжуулан хувьчлахдаа нэр төдий биш, хөрөнгийн зах зээлийн хөгжил, тухайн компанийн үйл ажиллагааны өсөлттэй уялдуулан харах шаардлагатай байна. Хувьцааных нь 10-хан хувийг арилжих зохицуулалт хийх гэж буй нь үнэхээр чамлалттай. Улстөрчдийн хайртай 10 хувь энэ удаад “бүдэрч” байгааг эрхгүй анзаарсан биз.