Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ.
С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од гэх хүнээс Чингис хааны алтан зоосыг улсын сан хөмрөгт 100 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг нь гаргуулан өгөх талаар ярилцаж тохиролцсон гэнэ. Улмаар уг зоосыг өөрөө худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200 сая төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш нь сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Төр-Одын сонорт ч хүрсэн сурагтай. Тиймээс С.Чулууныг хууль сахиулагчид шалгахаар болж буй аж.
Чингис хааны алтан зоосны тухайд түүхч, судлаачид “Хорезмыг эзэлсэн ялалтаа алдаршуулж 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад зэрэг хотод алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан”, эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Бэлтгэсэн Г.Равжаа