Байгаль орчин, аялал жуулчлалын болон Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллага хамтран “Монголын аялал жуулчлалын форум 2021” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Манай улс жуулчдад зориулсан контент үйлдвэрлэх, монгол үндэстэн, ахуйн онцлогийг таниулан, гадаад, дотоодын жуулчдад таатай сэтгэгдэл үлдээх үйлчилгээ санал болгох хэрэгтэйг оролцогчид онцлов. Мөн төр, хувийн хэвшлийнхэн хамтран олон улсын цахим зах зээлээс жуулчдын мэдээллийг худалдан авч, тухайн иргэдэд чиглэсэн маркетинг, сурталчилгаа явуулах шаардлага үүссэнийг МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн дурдлаа. Зочид буудал, зочлох үйлчилгээний салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, эрүүл мэнд болон эрсдэлийн даатгалын үйлчилгээг жуулчны баазууд, компаниудад нэвтрүүлэх нь зүйтэй аж. Түүнчлэн зочид коронавирусээр халдварласан тохиолдолд тусгаарлаж, эмчлэх бэлтгэлийг ч хангах хэрэгтэй юм байна.
Ирэх онд “Монгол орноор аялах 100 жим” буюу гар утсаар маршрут тодорхойлон, нэг цэгээс нөгөөд саадгүй хүрэхэд туслах аппликэйшнийг хувийн хэвшлийнхэн гаргах нь. Харин төсвийн хөрөнгөөр улсын хэмжээнд 33 отоглох цэгийг тус бүр нь 50-100 сая төгрөгөөр байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ. Уг цэгт ариун цэврийн байгууламж барьж, иргэд амарч тухлах орчин бүрдүүлэх бөгөөд тухайн орон нутгийнхан нь хариуцах аж.