Монголын Үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа 2D, 3D, VR, AR дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр 13 дугаар зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг тухайн цаг үед очсон мэт мэдрэх боломж боломжтой. Түүнчлэн цар тахалын үед хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөр музей үзэх боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдөр өглөө 7.00 цагт “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимын нээлт болж, энэ үеэр ирсэн зочдод Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулжээ.
Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсгосон байна. Мөн Монголын эзэнт гүрний үеийн түүхийг видео контентоор танилцууллаа.
Соёлын Яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал нар “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимын нээлтийн ёслолыг нээж, үг хэллээ.