ЕБС-ийн Лаборатори 33 дугаар сургуулийн 11Д ангид сурагч Т.Эрдэм галын аюулд өртсөн хүнд тусалж, амийг нь аварсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тэрбээр хичээлээ тараад явж байхад сургуулийн орчимд нь гал гар байхыг харсан гэнэ. Юу болж буйг нь тодруулахаар ойртон очтол хүн шатаж байсан бөгөөд харсан даруйдаа цамцаа тайлж, галыг нь унтраасан байна. Цагдаагийн алба хаагч болох мөрөөдөлтэй Т.Эрдэмийн энэ үйлсийг ЦЕГ, Монголын сурагчдын холбоо шагнажээ. Тэрбээр,
"Амьдралдаа анх удаа хүний амь аварч үзлээ. Балмагдаад, үнэхээр сандардаг юм байна. Гэхдээ л хүнд тусална гэдэг бол ялангуяа хүний амь насыг аварна гэдэг бол үнэхээр сайхан. Нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн амьдарч байвал үнэхээр гоё санагдаж байна. Өвөө минь цагдаа байсан. Надад үргэлж л хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харьцаж байгаарай, сайн хүн болоорой гэдэг байв. Хүн аварч байхдаа би яг л цагдаа болчихсон хүнд туслаад явж байгаа юм шиг л санагдсан. Тийм болохоор би заавал цагдаа болж олон хүний амь насыг аврах болно" хэмээв. .