Монгол Улс өнгөрсөн долоо хоногт нийт 3046 автомашин, 982 вагон нүүрс экспортолжээ. Үүнийг өмнөх сарын мөн үеийнхтэй харьцуулбал автомашинаар тээвэрлэсэн экспорт 11.2, төмөр замынх нь 77.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт аравдугаар сард өсөөд байна. Мөн он гарснаас хойш аравдугаар сарын 21 хүртэлх хугацаанд нийт 1.07 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ дунджаар 10 013 ам.долларт хүрсэн юм. Түүнчлэн манай улс энэ он гарснаас хойш аравдугаар сарын 21 хүртэл 6.12 сая тонн төмрийн хүдэр өмнөд хөршийн зах зээлд нийлүүлжээ. Төмрийн хүдрийг гол төлөв төмөр замаар тээвэрлэдэг. Өнгөрсөн сараас хойш өдөрт дунджаар 2000 орчим вагон төмрийн хүдэр экспортолсон байна. Тэгвэл сүүлийн 14 хоногт 200 автомашин төмрийн хүдэр хил давуулжээ. БНХАУ коронавирусийн халдварын улмаас Замын- Үүд-Эрээний боомтыг хаасан. Харин Ханги-Мандал боомтоор экспорт, импорт хийхийг зөвшөөрч буй. Тиймээс төмрийн хүдрийг автомашинаар тээвэрлэн Ханги-Мандал боомтоор экспортолж эхэлсэн байна.