Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч таван гишүүнийг нийт шүүгчийн чуулганаас сонгон томилоод буй. Тэгвэл шүүгч бус таван гишүүнийг сонгох, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нэр дэвшигчдээс зургаан хүнийг шигшин үлдээжээ. Тодруулбал, Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар тунаж үлдээд байна. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, хүн тус бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, сонгосон аж. Уг албан тушаалд нийт 29 хүн нэрээ дэвшүүлсэн юм. Ингэхдээ нууц санал хураалтаар шийдвэрлэжээ. Тэднийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, сонгон томилно. Өөрөөр хэлбэл, тэднээс нэг нь үлдэж, бусдыг нь томилно гэсэн үг.
Ташрамд дурдахад, Ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь парламент дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монголын өмгөөлөгчийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар багтаж буй.
Бэлтгэсэн Б.Уран