Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны зургадугаар сарын 15-нд хэлэлцсэн. Ингээд О.Бархасбадид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, МН/200 дугаар тогтоолоор цагаатгаж байв.
Тэгвэл Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар МН/200 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадь-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Хэргийг эргэн сануулахад,
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнууд 2019 оны зургадугаар сард С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэг дүрсийг УИХ-ын чуурганы танхимаас олон нийтэд тарааж байв. Бичлэгт 2015 оны есдүгээр сарын үйл явдал гарч буйг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолж байв.
Бичлэгт гарснаар 2015 оны есдүгээр сарын 1-ний 23.05 цагт Б.Содномдаржаагийн өрөөнд онц ноцтой хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр 16 жилийн хорих ял авсан И нар хоёр том цүнх, нэг боодолтой хөнжил гудастай орж ирнэ. Тэднийг орж ирмэгч Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай гар барих гэсэн боловч нөгөөх нь барьдаггүй. Тэд орж ирээд удалгүй “Хэргээ хүлээ. Чи алсан биз дээ. Чи бас “паар”-ыг шатааж алсан. Үнэнээ хэлж хэргээ хүлээ” гэх үгийг үг болгоны завсар хараалын үгтэй урсгана. Харин Б.Содномдаржаа “Би хүн алаагүй. Хүн алж чадахгүй. Хэрэг хийгээгүй байж хэрэг хүлээхгүй” хэмээн хариулна.
Орж ирснээсээ хойш Б.Содномдаржааг хилс хэрэг хүлээхийг тулгаж, 23.00 цагаас эхлэн маргаашийнх нь 14.00 цаг хүртэл галуун цуваагаар өрөөг тойруулах, гарыг нь хүзүүнийх нь ард бариулж суулгах, суниалгах, хувинтай шээс цацах зэргээр түүнийг шөнөжин унтуулахгүй. Цагдан хорих байрны журамд 23.00 цагт гэрэл унтарч, хоригдлууд унтсан байх ёстой.
Эл ноцтой эрүүдэн шүүлт Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд болжээ. Зоорийг 2000 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд энэ хэргийг хүлээлгэхийн тулд ийн тусгайлан бэлтгэсэн гэдгийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн юм.
Харин Т.Чимгээгийн өрөөнд хийсэн бичлэг нь 2015 оны есдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 43 минутын бичлэг. Есдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 36 минутад Ц.Амгаланбаатар цээж нүцгэн Т.Чимгээгийн өрөөнд орж ирнэ. Тэрээр “Хэргээ хүлээ. Маргааш байцаагчдаа юу гэж хэлэхээ бод. Дуугараач” гэх агуулгатай үгсийг хараалын үгтэй урсган 43 минутын турш хажууд нь зогссон юм. Энэ хоорондоо тамхи татах бөгөөд гарахдаа харгалзагчид “За баярлалаа” гэсээр явсан юм.
Тухайн үед ТЕГ-ын газрын албан тушаалтнууд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгасан ажлын хэсгийн ажилтнууд Олон улсын гэрээ, конвенци болон Монгол Улсын хууль тогтоомжийг долоон үндэслэлээр зөрчсөн. Тухайлбал, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг” конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдээлж байв. Улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадь, ажилтан Б.Бямбажав, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг шалгасан.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2021 оны гуравдугаар сарын 31-нд хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 мянган төгрөгөөр тогтоов.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн уг шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байсан юм.