ЦЕГ-аас Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг баривчилсан асуудлаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мөрдөн байцаах албанаас өгсөн мэдээллийн хүрээнд Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд өдөр бүр Сүхбаатарын талбай болон Эрх чөлөөний талбайд жагсаал цуглааныг зохион байгуулсан юм. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эдгээр иргэд эд зүйл оруулахаар завдахад цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Оруулахаар завдсан зүйл нь хайрцагтай эд байсан бөгөөд дотор нь гутал байсан гэх мэдээллийг өгсөн боловч гутал дотор нь юу байгааг бид мэдэхгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд ногоо зарах үзэсгэлэн худалдаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын өдөрлөг болж, олноор хүмүүс цугласан ийм үед эд зүйлсийг нэвтрүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргын журмын дагуу шаардлагыг албан хаагч тавихад Д.Монголхүү гэгч иргэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагад эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан үйл явдал болж үүнийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт уг этгээдийг авчирч ирсэн.
Энэ байдлыг шалгаж 10 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлийн дугаар авч нээн шалгалтын ажиллагаа явагдаж Д.Монголхүү гэгчийг удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулсан. Гэтэл шөнийн 02:30 цагт Э.Одбаяр болон нэр бүхий иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги буюу Улсын онцгой обьектруу халдаж гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэхүү хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол улс төртэй хуультай орон" гэдгийг онцлон хэлэв.
Харин эх сурвалжийн мэдээлснээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийнхан бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр Д.Монголхүүг хүлээж аваагүй бололтой.