Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Гаалийн байгууллага 2020 оны есөн сарын байдлаар 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан.
Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил цөөнгүй гарчээ. Тодруулбал, БНСУ-аас 5.9 кг алт хилээр нэвтрүүлэх гэж байсан зөрчил гаргасан 18 этгээдийг шалгаж байгааг ГЕГ-аас мэдээллээ.
Монгол улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133,700 юань (58,9 сая төгрөг)-ийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгон хураан авч, 8,8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн "Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утсыг БНХАУ-аас импортоор оруулж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусдан салган мэдүүлж нийт 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул шалгаж байна. Өөрөөр хэлбэл, Hulan-21" нь үнэндээ БНХАУ-аас импортолсон "doogee x 96 pro" утас гэв.
Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгох юм байна. Тухайн зөрчил гаргасан этгээдийн торгууль өндөр, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх гэнэ.