ЭМЯ-аас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Вакцины гурав дахь тун бол дельта хувилбараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга. Иймд 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Аж ахуй нэгжүүд ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье. Мөн гэрээс бусад газар амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалах нь чухал байна" гэлээ.
Мөн нийслэлд бүртгэгдэж байгаа халдварын нөхцөл байдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт коронавирусийн 16682 шинжилгээ хийгдлээ. Есдүгээр сар гарснаас хойш дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол бүртгэгдсэн.
Есдүгээр сарын 1-нээс оюутны дотуур байранд, орон нутгаас 10 мянга орчим оюутан ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийж ажиллаж байна.. Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэж хэлэв.