Долоо хоног бүрийн тав дахь дөөр ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээлийг хүргэе.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица:
ДЭМБ-ын хувьд энэ сардаа багтаан дэлхийн хүн амын 10 хувийг вакцинжуулах зорилгыг тавин ажиллаж байна. Монгол улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинд хамруулаад байгаа ба дархлаа дэмжих тунг амжилттай эхлүүлээд явж байна. Ковид-19 үүсгээд буй вирус нь үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр. Вирусийг бүр мөсөн устгах боломж одоогоор байхгүй ч хохирлыг таслан зогсоох боломжтой бөгөөд бид түүнийг давсан хүчирхэг байдлыг бий болгох хэрэгтэй байна. Халдварын эрчмийг бага байлгах, эндэгдлийн тоог багасгах шаардлагатай бөгөөд хүн амын дархлаажуулалтын түвшинтэй хамаатай юм. ДЭМБ-ын зүгээс улс орнуудыг нийгмийн хариу арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
"КОВИДТОЙ ЗЭРЭГЦЭЭД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ДЭГДВЭЛ ИРЭХ САРУУДАД НЭЛЭЭН ХҮНД БАЙХ БОЛНО"
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа:
Жил бүрийн аравдугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчин дэгддэг. Одоогоор нийт эмнэлэгт хэвтэгсдийн 26 хувийг амьсгалын замын халдварт өвчинтэй хүмүүс эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16-24 болон 50-64 насныхан зонхилж байна. Тэдний 65,6 хувь 16 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 45 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд хэвтэж байна. Түргэн тусламжийн дуудлагын 9,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Ковидтой зэрэгцээд томуу томуу төст өвчин эргэлтэд орвол ирэх саруудад нэлээн хүндрэлтэй байх болно. Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
Ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд 280 мянга гаруй хүн хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдах боломжтой хүмүүс нь эхний хоёр тундаа хамрагдаад гурван сараас дээш хугацаанд болсон байх ёстой. Гурав дахь тунд хамрагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь Вероцелл, 9 хувь АстраЗенека, 90 орчим хувь нь Файзер вакцинд хамрагджээ. Мөн 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакциныг хамруулж байгаа ба үүнд улсын хэмжээнд 51,5 хувь, аймагт 34,8 хувь, нийслэлд 69,7 хувь хамрагдаад байна.