Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан хэмээн үзэж, ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассан талаарх мэдээллийг бид өмнө нь шууд дамжуулсан.
Гэвч МУГТ Э.Цэндбаатарын оролцсон зодоонтой холбоотой мэдээлэл талаарх асуудал цахим орчинд гараад буй.
Үүнтэй холбоотойгоор тэрбээр өөрийн фэйсбүүк дэхь хуудсаараа дамжуулан "Та бүхэн минь зөвөөр ойлгоорой сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна" хэмээн лайв хийж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй. Би боксын спортод хайртай. Боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохолны зүйл байгаагүй.
Харин би дээд үеийн таван ахнартайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Намайг зодсон хоёр ахад гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш нь би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас л болсон. Би үүнд маш их гэмшиж байна" гэв.