Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, "Өнөөдөр сангийн яамнаас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих" 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний эдийн засгийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 56 цогц үйл ажиллагаа хэрэгжих учиртай. Эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Тодруулбал, Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл амжилттай хэрэгжээд явж байна.
Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцэж байна. Энэ хугацаанд нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон. Үүнээс 18 мянган иргэн, 5,000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байна. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна гэсэн үг. Ингээд бидний төлөвлөж байсан төсвийн орлого таван хувиар давж биелсэн" гэлээ.