Коронавирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой, цагдаагийн байгууллагын албан хаагчдад сайн дурын үндсэн дээр вакцины гуравдугаар тунг өчигдрөөс эхлэн хийж эхэлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны судалгаа, төлөвлөлтын хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "УОК-ын өгсөн үүрэг даалгаварын дагуу ХӨСҮТ-д халдварын эсрэг вакцины гуравдугаар тунгийн талаар судалгаа, шинжилгээг бид хийж байна.
ДЭМБ-аас гурав дахь тунг хийх талаар зөвлөмж өгөөгүй. Өндөр хөгжилтэй хэдхэн улсад хийж эхэлсэн. Гэвч манай улсад дельта хувилбарт коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж, гурав дахь давлагаа үүсэх эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх байдлаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, алба хаагчдад сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн.
Харин дэлхий дахинд гурав дахь тунг өөр вакцинаар дархлаажуулах талын судалгаа хийгдэж байна. Энэ талаарх тодорхой үр дүн гараагүй бөгөөд вакцин үйлдвэрлэгчээс гурав дахь тунг өөр вакцинаар хийж болно гэх албан ёсны зөвлөмжийг ДЭМБ-аас өгөөгүй.
Төрийн албан хаагчдыг хүчээр гурав дахь тунд хамруулаагүй. Өөрсдийнх нь сонголтоор буюу сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа" гэдгийг онцлон хэлэв.