Ням гарагт /2021.0815/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлсэн бөгөөд тус улсын засгийн газрын цэргүүд бараг эсэргүүцэл үзүүлэлгүй хотыг өгсөн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн улс орнуудын дипломатчид болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэв. Мөн нутгийн олон зуун иргэд ч яаран эх орноосоо дүрвэж эхэлжээ.
Дүрвэгсэд нисэх онгоцонд суух гэж оролдон Кабулын нисэх онгоцны буудал руу дайрч нислэгт саад болжээ. Хөөрсөн онгоцноос хэд хэдэн хүн унаж амиа алдсан байна. Тэд Америкийн C-17 тээвэрлэгч онгоцыг нисэхээс өмнө дугуйнаас нь өөрсдийгөө холбосон ч онгоц дээш хөөрөхөд унаж нас баржээ.
Asvaka News сонинд бичсэнээр онгоцны буудлын ойролцоо тосгоны байшингийн дээвэр дээр гурван хүн унасан байна. Урьдчилсан мэдээллээр тэдгээр хохирогчид АНУ -ын цэргийнхэнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Америкийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр онгоцоор зугтахыг завдсан байна. Онгоцонд тэдэнд зай байхгүй байсан тул тэд ийнхүү онгоцны дугуйнаас зуурч зугтахыг оролджээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг онгоцноос шидсэн гэж бичжээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани мөн эх орноосоо дүрвэсэн бөгөөд одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байна. “Талибан” хөдөлгөөний улс төр хариуцсан албаны албан ёсны төлөөлөгч Мухаммед Наим хэлэхдээ, Афганистаны дайн үүгээр дуусгавар болж байгаа, тиймээс тус улсад засаглалын шинэ хэлбэр ойрын ирээдүйд тодорхой болно гэжээ