Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Их дээд сургууль, МСҮТ, цэргийн албан хаагчдыг ургац хураалтад хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Тэрбээр, "Тариаланчид маань намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орсон. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан, үүний 416,8 мянган га-д улаанбуудай, 19,1 мянган га-д төмс, 9,4 га-д хүнсний ногоо, 86,4 мянган га-д тосны ургамал, 4,7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан.
Ургац хураалтыг бүрэн хийхэд ажиллах хүч хэрэгтэй байгааг ААН-үүд бидэнд уламжилсан. Иймээс их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргалаа. Өдрийн 50 мянган төгрөгийн урамшууллыг ААН-үүд олгоход бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, сонирхож байгаа иргэд ХХААХҮЯ-нд бүртгүүлнэ" гэлээ.