Алсад сүндэрлэх уулс, аагим халуун говь, амьсгалахад бүгчим агаар. Зэрэглээ жирэлзсэн говийг туулж яваа, энэ нутагт дасаагүй бид хааяа нэг салхи сэвэлзэж, үүлэн сүүдэр дайрах төдийд магнайгаа хагартал баярлаж байв. Харин нутгийн иргэд, малчдад тэр өдрийн халуун энгийн үзэгдэл аж. 2-5 насны гурван хүү нар төөнөсөн их халуунд ажралгүй хөөцөлдөн тоглож, 36 градус хүрч халж буйг гэрийн эзэгтэй хээвнэг хэлж суулаа. Энэ бол Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт, Шарга, Баян-Уул сумын нутгийг дамнан орших Хүйсийн говьд үзэгдэх нэг л дүр төрх. Эл говьд эртний эрмэл амьтан болох монгол бөхөн нутагладаг. Хөрсөн дээр 40 градус хүрч байхад бөхөн халуунаас дайжиж, сүүдэр бараадах нь бүү хэл нар ээсэн талд хэд гурваараа хэвтэх нь шаргалтаж гандсан газрын өнгөнөөс ялгарахгүй.
Амьдрах орчинтойгоо ийнхүү зүсээ ижилсүүлсэн бөхөнг тэдэнтэй он удаан жил “нөхөрлөсөн” байгаль хамгаалагч л олж үздэг. “Тэнд бөхөн байна” хэмээн заасан газар луу нь ажвал цагаан тоос л манарч харагдана. Эл амьтан халуунд дүйнгэдэж нозоордоггүй, харин ч хүн, машины дуу чимээг соргог гэгч мэдэрч, зугтан одох нь хашир ухааных гэлтэй.
Говь, хангай хосолсон Алтайн ихэнх нутагт өвөл, зундаа цельсийн ±40 градуст хүрдэг. Байгалийн нэгэн шалгуур болох температурын ийм өндөр хэлбэлзлийг тэсэж үлдсэн ховор, эрмэл амьтад энэ нутагт л ээнэгшин дасжээ. Мазаалай, бөхөн, хар сүүлт, хулан, тахь, ирвэс зэрэг говийн гайхамшигт зургаан амьтан нэг дор нутагладаг цорын ганц аймаг бол ГовьАлтай. Ховор амьтдын бэлчээр талхлагдаж, ундны ус нь ширгэж буйг дуулсан манай сурвалжлах багийнхан Алтайг зорьсон юм.
НҮДЭНД ОРСОН ӨРГӨС БОЛСОН НЬ
Хүйсийн говь нь Монголын 33 говиос хэмжээгээрээ хоёрдугаарт ордог, зүүн талаараа Монголын элсээр хүрээлүүлж, хойд хэсгээрээ Дөргөн нуур, баруун талаараа Дарвийн нуруу, өмнө зүгт Шаргын талтай нийлдэг. Эл газарт монгол бөхөнгийн 80 хувь нь нутагладаг онцлогтой. Гэвч Хүйсийн говийн дамнан оршдог Шарга, Хөхморьт, Баян-Уул, Дарви сумын нутгийн бэлчээрийн даац аль хэдийн 2-3 дахин хэтэрсэн. Ингэснээр бөхөнгийн тархац нутаг малын бэлчээртэй давхцаж, зэрлэг амьтдын эсрэг малчид “дайтаж” эхэлсэн удаатай. 2015 онд монгол бөхөнгийн тоо толгой дээд хэмжээнд буюу 15 мянгад хүрсэн. Тухайн үед эл говьд сүргээрээ нутагладаг байсан бөхөн малчдын нүдэнд орсон “өргөс” мэт адлагдсаныг тус аймгийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхан хэллээ. Тэрбээр “Малчид бэлчээрээ харамлан, олноор сүрэглэх бөхөнг хөөж, цаашлаад агнах тохиолдол ч гарсан. Уг нь бөхөн үржлээ гэхэд хамгийн ихдээ 15 айлын л малтай тэнцэх хэмжээнд хүрсэн шүү дээ. Малчдад энэ талаар хэчнээн учирлаж хэлсэн ч ойшоох нь ховор” гэв.
Сүргээрээ бэлчиж байсан бөхөн өдгөө ганц, хоёроороо л байхтай олон таарлаа. 2016 онд дэгдсэн бог малын халдварт мялзан өвчин болон жил дараалсан зудаас үүдэн тоо толгой нь 3000-д хүрч багассан учир ийн цөөнөөр “торойж” үлдсэн нь тэр. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд бөхөнгийн тоо толгой 8500-д хүрч өсөж байна. Хэрэв энэ эрчээрээ үржвэл дахиад “нүд үзүүрлэгдэх” нь цаг хугацааны л асуудал гэнэ. Тиймээс унаган нутаг (одоо нутагладаггүй) болох Баянхонгор, Өмнөговь, Завханы зарим сумд сэргээн нутагшуулах шаардлага тулгарчээ. Гэвч уул уурхай эрчимжиж, авто зам, барилга ихсэж, суурьшлын бүс тэлэгдсэнтэй холбоотойгоор нутаг сэлгэх “коридор” нь хаагдсан байна.
Үүнээс гадна зэргэлдээ аймаг, сумд өвөлжилт хүндэрснээс үүдэн өнгөрсөн онд малчид Хүйсийн говьд олноор ирж, оторложээ. Угаас бэлчээрийн даац хэтэрсэн газарт отрын мал нэмэгдсэнээр улам доройтож, унаган ургамлынх нь төрөл зүйл нь цөөрсөн байна. Тухайлбал, ус, чийг өөртөө их агуулдаг ургамал болох баглуур, бударгана, таана, хөмүүл, харгана ховор ургадаг болжээ. Өнөө жил Говь-Алтай аймагт хур бага орсноос үүдэн тарчиг ургасан хэдэн шивээ нь наранд гандан шаргалтаж, өвстэй мэт харагдуулж буй нь энэ аж. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Хүйсийн говьд дусал ч бороо ороогүй. Тиймээс төрөөд сар гаруй болж буй янзганууд болон хэржин, хэрэгчингүүд нь тарга хүч сайтар авч чадахгүй байгааг иргэд хэлсэн. Эл говьтой залгаа орших Шаргын говьд шимтэй ургамал бүү хэл, “хатсан” шивээ ч үгүй болж, талхлагдсан, цөлжилтөд нэрвэгдсэн тал л гунигтайхан цэлийж байв. Ийм тарчиг газарт хэдэн арван километрийн туршид нэг, хоёр л бөхөн бөн бөн гүйж үзэгдэх нь эл нутгийн “эзэн” дайжиж, хорогдон, эзгүйрч буйг илтгэнэ.
Б.БАТСАЙХАН: САРД ДУНДЖААР 16, ЗАРИМДАА БҮР 20 ӨДӨР ШУУРГАТАЙ БАЙЛАА
Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр тус сүлжээнд нэгдэн, 16 жилийн турш бөхөн хамгаалахын төлөө ажиллаж буй аж.
-Бөхөнгийн гол нутаг болох Хүйсийн говийн байгаль, цаг уурын нөхцөл энэ жил ямархуу байна вэ?
-Хүйсийн говь их гандуу байна. Энэ хавар тасралтгүй шуурлаа. Сард дунджаар 16, заримдаа бүр 20 өдөр нь шуургатай байсныг судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн жилийн долдугаар сарын сүүлчээр Хүйсийн говьд бороо элбэг орж, ногоорсон тул Баянхонгор аймгийн хойд хэсгийн, мөн Говь-Алтайн Бигэр, Тайшир, Халиун, Төгрөг, Бугат, Тонхилын малчид энд отроор өвөлжиж, хаваржин, сүүлч нь зургадугаар сард нутаг буцлаа. Тухайлбал, Дарви сумд 70, Хөхморьтод 80 мянган толгой мал оторлосон.
-Бөхөнгийн янзаганы хэчнээн хувь нь онд орж байна вэ?
-Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн гурван жил дараалан нэг онд 40 янзаганд хүзүүвч зүүж, тандалт судалгаа хийн, 50 хувь нь онд ордгийг тогтоосон байдаг. Цаг агаарын таатай нөхцөлд бөхөнгийн тоо толгой өсөх хандлагатай байна. Аймгийн ихэнх сумын бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн. Төр, засгаас зэрлэг амьтдыг хамгаалахад хөрөнгө зарцуулах шаардлагатай. Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчдын цалинг олгохоос өөрөөр төр, засаг зэрлэг амьтан хамгаалах ажилд ихээхэн хөрөнгө зарцуулж чадахгүй байна гэв.
Бэлчээрийн доройтол нь бөхөнгөөс гадна “уулын эзэн”-д ч “төвөг удсаар” байна. Хүйсийн говийн захад орших Хасагтхайрхан уул, Дарвийн нуруу болон ойр орчмын бусад уулаар нэн ховор цоохор ирвэс нутагладаг. Цоохор ирвэс амьдралынхаа ихэнх хугацааг өвс ургамал тачиртай, 2500-3500 метр өндөр уулын гүн хавцал, хад асга, эгц цавчим хясаа цохио, нугачаа сархиаг ихтэй газарт өнгөрөөдөг араншинтай. Гэвч идэш тэжээлийн хомсдолд орсноос болж өндөр уулаа орхиж, талыг зорьж буйтай байгаль хамгаалагч болон нутгийн иргэд олон таарсан байна. Энэ талаар ГовьАлтай аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
Г.ОЛОНБААТАР: ИРВЭС НОХОЙД БАРИУЛСАН ТОХИОЛДОЛ ГАРСАН
-Ирвэс малчны хот руу ордог болсон гэж дууллаа.
-Сүүлийн жилүүдэд тал, хээрийн бүс дэх бөхөн, өндөр уулын бүслүүрийн цоохор ирвэсийн бэлчээр малынхтай давхцах болсон. Үүнээс болж ирвэс айлын хот руу орох нь элбэгшсэн. Энэ нь малын тоо толгой өсөж, ирвэсийн идэш тэжээл болох янгир, тарвага дайжсантай холбоотой. Үүнээс болж хууль бусаар агнах, мөн малчны хот руу дайрсан, залуу ирвэс олон нохойд бариулах тохиолдол сүүлийн хоёр жилд гурван удаа гарсан. Нас бие гүйцсэн ирвэсийг агнасан нь ч бий. Бөхөн, мазаалайн 80-90 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. Хүйсийн болон Шаргын говь нь бөхөнгийн үржлийн гол тархац нутаг. Малчдын малтай бөхөнгийн тархац нутгийн 80 гаруй хувь нь давхацсаныг судалгаагаар тогтоосон.
-Эдгээрийг шийдвэрлэхээр ямар ажлууд хийж байгаа бол?
-Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС), аймгийн ЗДТГ хамтран “Говийн гайхамшигт зургаа буюу GG-6” санаачилгыг 2016 оноос ажил хэрэг болгож эхэлсэн. Үүний хүрээнд мазаалай, хулан, тахь, бөхөн, хар сүүлт, ирвэс гэсэн зургаан амьтныг сонгон авч, “брэнд” болгон, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Зэрлэг, ховор амьтдын эмзэг экосистемд үзүүлж буй хүний нөлөөлөл, хууль бус агнуур болон уул уурхайн олборлолтын асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөж, эсвэл орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эргүүл, хяналт шалгалтыг тогтмолжуулан, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж байгаа.
ДБХС-гийн дэмжлэгтэйгээр, малчдын амьжиргааг дэмжих, ирвэсийг малчны хот руу оруулахгүй байх үүднээс “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна. Монгол бөхөнгийн тархац нутгийг тэлэх зорилгоор 15 булаг, шандын эхийг хашсан. Түүнчлэн бөхөнг түүхэн тархац нутаг буюу Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улааншалын хоолойд сэлгэн нутагшуулахаар ТЭЗҮ-ийг нь удахгүй боловсруулна. Ирэх оноос тодорхой тооны бөхөнг тийшээ сэлгэн нутагшуулах юм. Хүйсийн, Шаргын говиос Халиун, Бигэрийн хоолойгоор дамжин Улааншалын хоолойд бөхөн нь тархаж нутаглах ёстой. Гэтэл Бигэр сумын төв, уул уурхайн олборлолтоос шалтгаалан нутаг сэлгэхгүй байна. Баянхонгорын Бууцагаан, Өмнөговийн Онги голын орчимд өмнө нь бөхөн нутаглаж байсныг тогтоосон тул тийшээ сэлгэн нутагшуулах боломжтой гэв.
Ирвэс нэг дор 10-20 тооны мал барьсан тохиолдол ч гарчээ. Тиймээс хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулах саналыг малчид сумын удирдлагад уламжилсан гэнэ. Харин хулан, тахь зэрэг нэн ховор амьтныг зориудын аргаар сэргээн нутагшуулж, тархац нутгийг нь хамгаалалтад авсан учир бэлчээрийн доройтолд өртөх нь бага аж.
Хүйсийн говийн өмнө хэсгээр Говь-Алтай Ховд чиглэлийн засмал зам “зурайдаг”. Далан нь намхан учир амьтад замаар саадгүй нэвтэрч, нутаг сэлгэж байхтай нь олон таарсныг байгаль хамгаалагч хэлж байв. Харин эл говьд иргэд элдэв зам гаргаж, тачир бэлчээрээс “хороох” нь ховор гэв.
Бэлчээр доройтохоос хамгаалсан шилдэг “жор”-ын үр дүнг бид үзсэн юм. Хөхморьт сумын төвийн хойд зүгт хоёр га орчим талбайг гурван жилийн турш хашиж, бас усалсны үр дүнд 10 орчим зүйлийн ургамал шигүү ургаж, тэр хэсэгтээ ногоорсон байв. Хашааны гадна, доторх хоёр хэсэг говь, хангай мэт ялгаран харагдлаа. Бэлчээрийг ургамалжуулах нь элсний нүүдэл, цөлжилтөөс сэргийлдэг ач холбогдолтой. Товчхондоо, малын тоо толгойг зохистой хэмжээнд нь хүртэл багасган, бэлчээрийг сэлгэж ашиглавал говийн унаган ургамлууд “амьдрах” боломжтойг сумын удирдлага хэлэв.
УУЛЫН УС УРГАМАЛ, АМЬТНЫГ “ТЭТГЭХГҮЙ”
Говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой эл нутагт нэг л зүйл нүдний цэцгий мэт ховор. Хүн, малаас өгсүүлээд зэрлэг амьтдын амьдралын нэн чухал хэрэгцээ болох усны нөөц хомс нь амьтай бүгдийн хувьд тулгамдсан асуудал болжээ.
Дээрээс нь харвал нарийхан зураас мэт мяралзах булгийн усаар энэ нутгийн хүн, мал цангаагаа тайлдаг. Булгийн эхээс ундрах усны салаа бүр нь ойр орчмын газрыг аалзны тор мэт бүчжээ. Эхийг нь хашиж, хамгаалаагүйгээс нарийхан олон салаа болж урсан, доройтолд орсон нь амь тэмцэж буйгаа “хэлэх” мэт үзэгдэх. Нэг дор олон мал ирж, “шавбал” ус нь дуусчих юм шиг санагдсаныг нуух юун. Ийм дүр зурагтай булаг, шанд Говь-Алтайд олон бий. Тиймээс сүүлийн жилүүдэд булгийн эхийг хашиж, хамгаалах ажилд байгаль хамгаалагчид анхаарч эхэлжээ. Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хуваарилалтаар Монгол Алтайн ар, хажуу болон өврийн мужид багтдаг. Энд Завхан, Зүйл, Гурван шарын гэх цөөхөн хэдэн гол бий. Гэвч эдгээр голын дийлэнх нь улирлын чанартай, гүний болон цас, мөсний усаар “тэжээгддэг”, уулын мөснөөс эх аван урсдаг учир татрах, түвшин нь багасах, хур буугаагүй үед тасрахад хүрдэг. Аймгийн нутаг дэвсгэрийн 0.1 хувь буюу 14 300 га талбайг усан сан бүхий газар эзэлдэг нь Монгол орны дундаж түвшнээс үлэмж доогуур хэмээн үнэлэгддэг аж. Угаас гадаргын задгай ус ховор учир тус аймгийн малчид “усны хомсдол нүүрлэсэн”-ийг дуу нэгтэй хэлсэн. Байгалийн энэ мэт шалгуурт “шүүгдэж” буй, Хүйсийн говийн малчид малаа гүний худгаас усалж даджээ. Баян-Уул сумд хүн, малгүй худгийнхаа орчимд шавсан байхтай бид таарсан. Учир юу гэвэл малчин өрх бүрийн төлөөлөл цугларч, 10 гаруй хүнтэй баг бүрдүүлэн, малаа тусгай хуваарийн дагуу ээлжлэн усалдаг аж. Худаг нь 15 метрийн гүн бөгөөд автомат моторын тусламжтайгаар усаа шахдаг байна. Малчид “Бид ч яах вэ, малаа яаж ийгээд усалчихдаг. Харин хээрийн, зэрлэг амьтдад ундаалах задгай ус байхгүй учир идэш тэжээлийн хомсдолд орох нь элбэг. Манай нутгийн ховор амьтан болох бөхөн угаас хурдан, шаламгай гэдгээрээ алдартай. Тэд өдөрт 10-20 километр замыг ажрахгүй туулаад задгай уснаас ундаалж чадна. Харин бусад зэрлэг амьтан говийн их халууныг усгүй давна гэдэг нь хэцүү. Тиймээс булаг, шандаа хашиж, хамгаалах нь чухал асуудал болоод байна. Бид малаа услахын тулд өндөр үнээр гүний худаг гаргуулдаг. Малчид хөрөнгө гаргаж, булаг, шандыг хашиж, хамгаалж хүчрэхгүй. Төр, засгаас л үүнийг анхаарах нь чухал” хэмээлээ.
Тэдний хэлсэн үнэний ортой. Өдгөө ГовьАлтай аймгийн Төгрөг, Дарви, Баян-Уул сумын нутагт орших найман булгийн эхийг төрөөс бус, ДБХС-гийн санхүүжилтээр хашиж, хамгаалжээ. Ингэснээр булгийн усны түвшин нэмэгдэж, ундарга нь сайжирсан байна. Тус сангаас булгийн эхийг хашиж, хамгаалах зорилгоор төслийн уралдаан өнгөрсөн онд зарлажээ. Үүнд Говь-Алтай аймгийн “Бэлчээр ашиглалтын холбоо” ТББ шалгарч, Баян-Уул, Төгрөг, Дарви сумын таван булгийн эхийг хашиж, хамгаалсан аж. Өнөө жил ч мөн л дээрх байгууллага сонгогдон, зургаан булгийн “амийг аврахаар” ажиллаж буй юм. Хөхморьт сумын нутаг дахь 377 метрийн урттай Хүрээгийн булгийн эхийг хашиж, хамгаалж буй дээрх байгууллагын ажилтнуудтай таарлаа.
Бидний нүдээр “балгахан ус” мэт харагдах эл булаг өнгөрсөн хугацаанд хашиж, хамгаалсан шандуудаас хамгийн том нь гэдгийг тэд хэлсэн юм. Ажилтны нэг нь “Хашаад гурав хоноход л булгийн ус сэргэнэ шүү дээ. Үгүй бол хүн, малгүй ундарга дээр нь гишгэлээд урсац нь эрс мууддаг” гэж байв. Тэндхийн амьтад хэдэн арван км үргэлжлэх говийг туулан уулын усанд хүрэх нь ховор. Үндсэндээ уулын ус тэднийг “тэтгэхгүй”.
АГНАХ АЮУЛААС ХАМГААЛАГДСАН Ч “АМЬСГАА АВЧ” БОЛОХГҮЙ
Их говийн дундуур зурайсан замаар бид машинтайгаа залхуутайхан шиг урагшилж байлаа. Гэтэл 150 метр орчмын цаана зам дээр хэвтэж байсан бөхөнгийн янзага огло харайн алга болох нь тэр. Ингэж зам бараадан хэвтэх нь учиртай аж. Бөхөн араатан амьтдаас янзагаа хамгаалж, голчлон хүн, малын хөлд ойртуулан зам дээр хэвтүүлдэг. Харин өөрөө хэдэн арван метрийн радиус дотор янзагаа тойрон эргэлдэж байдаг гэнэ. Гэтэл зам дээр хэвтэж буй, нялх янзагатай таарсан хүмүүс эхээсээ төөрчихсөн гэж ойлгон, аваад явчихдаг тохиолдол хэдэн жилийн өмнө цөөнгүй гарч байсныг байгаль хамгаалагчид хэлэв. Угтаа бол энэ нь эрүүгийн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 24.5-д зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг нь алдагдуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Бөхөнгийн янзагыг авч тэжээвэл гэмт хэрэгтэн болдгийг нутгийн иргэд мэддэг болсон тул одоо ингэх нь ховорджээ.
“Эл амьтны махыг нь хэрэглэх гэж агнадаггүй. Зөвхөн эврийг нь авахын төлөө л түүний аминд хүрдэг” гэж байгаль хамгаалагч Б.Батсайхан халаглан яриад, сүүлийн хэдэн жилд хууль бус агнуурын эсрэг холбогдох хүмүүс идэвхтэй тэмцсэний эцэст үүнийг бууруулж чадсаныг хэлсэн юм. Цус, эд эрхтэн нь тийм ч өвчний үед хэрэглэвэл сайн гэсэн ам дамжсан ярианд итгэн, мөн арьсыг нь худалдах гэж агнах явдал өдгөө ховордсон нь сайн хэрэг. Жишээ дурдъя. “Улаан ном”-д орсон амьтныг агнасан хүний шүүх хурлыг тухайн сумд нь хийдэг болжээ. Энэ нь ховор амьтдыг агнавал хатуу шийтгэл хүлээдгийг нутгийн иргэдэд мэдрүүлэх зорилготой. “Амьтан агнасан учир тийм хэмжээний торгууль ногдуулж, төдөн жилийн ял хүлээлээ” гэсэн яриа нутагт нь “цахилгаан” шиг тардаг учраас тэр. Түүнчлэн амьтны эд эрхтнийг хэрэглэсний улмаас элдэв шимэгч хүний биед орж, янз бүрийн өвчин үүсгэх, үхэлд хүргэх аюултайг, хууль бусаар ан хийсэн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн бол мөнгөн урамшуулал олгодгийг ч иргэдэд тайлбарлах ажлыг эрчимтэй хийсэн байна. Тиймдээ ч Алтай нутагт таарсан ганц, хоёр хүн залуудаа ан хийж явснаа ярьсан ч “Одоо бол хориотой. Ховор амьтныг агнаж, шоронд ороод яах вэ” гэж байв.
2018 оноос хойш монгол бөхөнг хууль бусаар агнасан тохиолдол бүртгэгдээгүй аж. Алтай Соёны бүс нутагт 2001- 2014 онд 12 цоохор ирвэс агнасан бол 2016 онд нэг ч ийм тохиолдол гараагүй гэнэ. Харин ирвэс агнах, арьсыг нь худалдах гэсэн хэд хэдэн тохиолдлыг Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн жил илрүүлсэн. Хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх ажлын талаар Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар “Тухайн газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж байна. Байгаль орчны ажилтнуудыг багаж, төхөөрөмж, мотоцикл зэрэг наад захын хэрэгцээний зүйлээр хангаж, эргүүл, хяналт шалгалтыг тогтмолжуулж байгаа. Аргаль, янгир, бугыг тусгай зориулалтаар агнуулах ажлыг зохион байгуулдаг. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жилд манай аймагт тусгай зориулалтаар амьтан агнаагүй. Өмнө нь жилд 10-15 янгир, 1-2 аргаль, буга агнуулж, 150 орчим сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, хууль, журмын дагуу амьтныг хамгаалах ажилд зарцуулж ирсэн. Тухайлбал, агнуур зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гаргаж, зарим төрлийн амьтныг тоолсон юм. Тайширын усан цахилгаан станцын боомтод тогтсон Гэгээн нуурын загасны нөөцийг түүхэндээ анх удаа тогтоосон. Үүнээс гадна говийн гайхамшигт зургаан амьтны биеийн бодит хэмжээ бүхий хөшөө дурсгал бүтээлээ” гэв.
Нэг үеэ бодвол ховор ан амьтдыг агнавал хатуу хариуцлага хүлээлгэдэг болж, эргүүл, хяналт шалгалтыг тогтмолжуулан, нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг сайн хийж дадсан нь хууль бус агнуураас хамгаалах “хана” болжээ. Гэсэн ч зэрлэг амьтдыг хөнөөж ашиг олох гэсэн хүйтэн сэтгэлтэн байхыг үгүйсгэхгүй тул хууль бусаар агнах аюул ард хоцорсон гэж тайван сууж, “амьсгаа авах” учиргүйг тэрбээр хэлсэн.
Зэрлэг амьтад, тэдгээрийн тархац нутгийн нэгэн том “дайсан” бол уул уурхай. Хүйсийн говьд ашигт малтмалын хэд хэдэн лиценз олгосон тохиолдол гарсныг Баян-Уул сумынхан дуулгав. Эл говийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан учир ухаж, төнхүүлэх, эсэхийг иргэд нь шийдэх эрхтэй. Тиймээс газар нутгаа “сэглүүлэх”-ийг нутгийн иргэд зөвшөөрдөггүй аж. Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Жаргалцэцэг эл говийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд бүртгүүлэхээр БОАЖЯнд 2019 онд санал хүргүүлснийг хэллээ. Орон нутгийнхаас гадна улсын тусгай хамгаалалттай газар нутаг болгочихвол ухаж төнхөх аюул ард хоцорч, ховор амьтдын өлгий нэг “өстөн”-өөсөө салах нь.
Цайран харагдах говь ард цэлийн хоцорч, аврал эрж буй мэт гунигтайхан төрхтэй үлдлээ. Толгойгоо бөхийлгөөд, бөн бөн гүйх бөхөн энэ нутагт дахиад ирэхэд хэдэн зуугаараа бэлчиж байх болов уу.
БАЙР СУУРЬ
БУЛГИЙН ЭХИЙГ ХАМГААЛЖ БАЙНА
Ч.ЦЭЦЭГМАА (ГовьАлтай аймгийн “Бэлчээр ашиглалтын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал)
-Олон тооны мал сүрэг цөөхөн хэдэн булаг, шандын эхийг талхалж, ширгэхэд хүргэдэг. Ингэснээр хүн, малаас гадна зэрлэг амьтад ундаалах усгүй болох нь энүүхэнд. Сүүлийн жилүүдэд ус хомсдож булаг, шандын эхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон. Манай байгууллага ДБХСгийн санхүүжилтээр өнгөрсөн онд гурван сумын таван булгийн эхийг хашсан. Харин өнөө жил Баян-Уул, Төгрөг, Дарви сумын зургаан булгийн эхийг хамгаалах ажлыг эхлүүлээд байна.
БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨССӨН ҮЕД БЭЛЧЭЭР ИХЭЭР ТАЛХЛАГДСАН
Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ (Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын малчин)
-Хүйсийн говийн нутгаар өвөлдөө маш их хүйтэрдэг. Жиндүү, отрын мал ихтэй учир өвсний гарц муудаж, өвөлжилт хүндрэх шинжтэй байсан ч эрт дулаарсан учир эсэн мэнд онд орлоо. Өвөл бэлчээрт бөхөн таарах нь элбэг. Харин зундаа цөөн тоогоор харагддаг. Энэ нь хэт халалт болон ундны устай холбоотой байх. Угаас гадаргын ус тааруу учир бөхөн зундаа энэ хавийн бэлчээрт үзэгдэх нь ховор. 2015 онд бөхөнгийн тоо толгой өссөнөөр бэлчээр нэлээд талхлагдсан. Цаашид сүргийн тоо толгой өсвөл малчид, бөхөн хоёр бэлчээрээ “булаацалдах” зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй
МАЛЧИД НУТАГ СЭЛГЭХ БОЛОМЖ ХОМС
Б.ОЮУНТҮЛХҮҮР (Говь-Алтай аймгийн Шарга сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч)
-Зэрлэг амьтдын тархац нутагт буусан малчин өрхийн тоо жил ирэх тусам өсөж байна. Цоохор ирвэс, бөхөнгийн тархац нутагт тэлэн суурьших нь зэрлэг амьтад төдийгүй малчдад ч хүндрэл учруулдаг. Говь-Алтай аймгийн нутагт орших хад асга, уул, нуруудад цоохор ирвэс нутаглах нь элбэг. Эл уул, нурууд тэдний эзэмшлийнх гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед малчид эзэмшил нутагт нь буюу хад, ууланд хашаа, хороогоо тулгаж барих нь гаарлаа. Малчдад өөрөөр нутаг сэлгэх боломж хомс.
ЦОЧМОГ ХАЛСНААС БОЛЖ ӨВС УРГАМАЛ ГАНДЛАА
Б.ГАЛБААТАР (Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин)
-Энэ жил нутгийн ихэнх хэсэг гантай байна. Цочмог халснаас болж эрт, тачир ургасан ургамал гандаж, өвс, тэжээл хомсдоход хүрлээ. Өнөө жил манай ойр орчимд 30-40 мянган малтай айлууд зусаж буй. Улмаар өвс, тэжээлийн хомсдол нүүрлэж бог, бод мал төдийгүй зэрлэг амьтад ч амьдрахад бэрх болж байна.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД Л ДААТГААД ОРХИДОГ
У.БАТСҮХ (Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын орлогч)
-Хөхморьт сумын бэлчээрийн даац хоёр дахин хэтрээд буй. Үүнээс зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцөл хэр доройтсон нь харагдах биз. Уг нь төрийн зүгээс бэлчээр хамгаалах, малчид, зэрлэг амьтад хоорондын уялдааг сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Гэвч Засгийн газар зэрлэг амьтдыг хамгаалах нь битгий хэл өөрсдийн хийх ёстой ажлыг олон улсын болон төрийн бус байгууллагад даатгасаар ирлээ.
Бэлтгэсэн Б.Уянга, Ж.Отгонтуул