Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар яг одоо мэдээлэл өглөө. Дельта вирус өргөн хүрээнд дэгдвэл өвчлөл огцом нэмэгдэнэ гэсэн таамаглал бийг тэд хэлэв. Иймээс хамгийн түрүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал хүндэрнэ. Хүний нөөцийн асуудал үүснэ. Ер нь наймдугаар сард коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байгаа учраас найр, хурим битгий хэсээрэй гэв. Мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Хүний нөөцийн асуудал хүнд байгаа учраас АШУҮИС-ийн оюутнуудыг гэрээт ажилтнаар авч ажиллуулж буй. Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан. Харин одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, 16 хувьд хүрлээ. Дараагийн 14 хоногт өвчлөлийн тоо 400 хүрч буурах болов уу. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна. Гэхдээ Архангай, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Ховдод өвчний тоо тогтмол өсөж байна. Наймдугаар сарын дундуур иргэд нийслэлд ирж эхэлнэ. Тэр үед өвчлөл буцаад өснө. Тиймээс эрсдэл өндөр хэвээр байгаа гэсэн үг" гэв.
Нийт иргэдийн 40 хувь дархлаажуулалтад хамрагдаагүй. 60 хувь нь л дархлаажуулалт хийлгэсэн. Гэхдээ вакцинд хамрагдсан иргэдийн 15-20 хувь дахин халдвар авах магадлалтай. Эрсдэл хэвээр байна. Тиймээс аль болох эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэйг энэ удаагийн хурлаар зөвлөлөө.