Ковидын үед эмнэлэгт нэн шаардлагатай, нэг удаа 20 шоо метр хүчилтөрөгч цэнэглэх хүчин чадалтай зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10 шоо метр хүчилтөрөгч цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байгууламжийг нийслэлд болон орон нутгийн эмнэлгүүдэд байрлуулж буй. 2021 оны долдугаар сарын 21-ний байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд 2, Сонгинохайрхан дүүргийн шинэ эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын З дугаар төв эмнэлэгт 1 үйлдвэр, 1 баллон цэнэглэх бичил байгууламжийг угсарч дууссан байна.
Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ" компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна. Үүнээс гадна Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт дээрх тоног төхөөрөмжийг байгуулсан аж. Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан гэнэ. Хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.