Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлгүүд хийсэн ажлынхаа гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилтээр эмнэлгийн удирдлага ажилтнуудынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн аж. Тиймээс цалинг нэмэх, урамшууллыг цаг тухайд нь олгох үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгүүдийн удирдлагад өгсөн юм. Үүний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлага нийт ажилтныхаа цалинг энэ сарын 1-нээс 20 хувиар нэмсэн. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэхээр шийдвэрлэснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн эмч, ажилтнуудынхаа цалинг нэмэх болжээ. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү энэ талаар “Ковид-19”-ийн үед эрүүл мэндийн салбарын ажилтан бүр маш их ачаалалтай ажилласаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор цалингийн зардал энэ жил эрс өссөн. Учир нь бид өвдсөн, тусгаарлагдсан хүмүүстээ цалинг нь бүрэн олгож байгаа. Түүнчлэн энэ он дуустал бүгдэд нь сар бүр цалингийнх нь 20 хувьтай тэнцэх урамшуулал олгохоор шийдвэрлэлээ” гэв.
Цар тахал дотоодод дэгдсэнээс хойш ХСҮТ-ийн 132 ажилтан “Ковид-19”- өөр өвчилж, 314 нь ойрын хавьтал болж, 14-28 хоног тусгаарлагджээ. Түүнчлэн тус төв “Ковид-19”-ийн эмчилгээний 13 ортой тусгай тасгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд нээж, коронавирусээр халдварласан, хорт хавдартай 70 өвчтөнийг одоогоор эмчилсэн байна. Төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн гурван баг эл тасагт 7-14 хоногоор ээлжлэн ажиллаж байгаа гэнэ.