Манай улсад одоогоор нийт хүн амын 4.2 хувь буюу 147 253 хүн “Ковид-19”-өөр өвчлөөд байна. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт нэлээд өндөр бөгөөд хүн амын 6.6 хувь нь халдварт өртжээ. Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт 9465 иргэн “Ковид-19”-өөр өвчилснийг батлав. Халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоног буюу энэ сарын 5-11-ний үзүүлэлтээс 3063-аар цөөрсөн байна. Түүнчлэн нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь 19 болж буурчээ. Өмнө нь энэ үзүүлэлт улсын хэмжээнд 30, Улаанбаатар хотод 40 хувьд хүрч байв. Ийнхүү буурсан нь дархлаажуулалтын үр дүнтэй холбоотой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тухайлбал, 16-17 настай хүүхдүүд халдвар авсан нийт иргэдийн 16 хувийг эзэлж байсан бол өдгөө найман хувьд хүрчээ. Энэ насныхныг вакцинд хамруулж эхэлснээс хойш ийм эерэг үр дүн гарсан гэнэ. Харин одоогоор вакцин хийлгэх боломжгүй 5-11 насныхан халдварт өртөх тохиолдол нэмэгдсэн аж. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд буурсан ч нөхцөл байдал ингээд намжихгүй, наадмын урт амралтын дараа дахин эрсдэл үүсэхийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч