Энэ сарын 14-ны байдлаар 1159 хүн коронавирусийн халдвар авсныг өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл сүүлийн 24 цагт халдвар авсан хүний тоо 1439 болж, цар тахлын дэгдэлт өсөх хандлагатай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 3347 хүн эдгэрч, гэртээ гарсан ч дөрвөн хүн харамсалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 707 болоод буй. Халдвар авсан 1439 өвчтөний 855 нь Улаанбаатарт, 584 нь хөдөө бүртгэгдсэн аж. Одоогоор 10 862 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 808 нь жирэмсэн эх, 2540 нь хүүхэд аж.
Нийслэлд яг одоо дархлаажуулалтын 15 цэг ажиллаж байна. Монгол Улс ОХУ-ын спутник-V вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авсан. Улмаар өнөөдрөөс спутник-V вакциныг нас харгалзахгүй хийж эхэлжээ. ЭМЯ-наас мэдээлснээр улс орон даяар 2 104 400 хүн коронавирусийн эсрэг вакцины I тундаа хамрагдсан байна. Тэдний 1 802 750 нь II дахь тунгаа хийлгэжээ.