Коронавируст /Ковид-19/ халдварын тархалт буурахгүй байгаа энэ цаг үед жирэмсэн эхчүүд ч халдварт өртсөөр байна. 2021 оны 07 дугаар сарын 08-ны байдлаар, нийт 2460 жирэмсэн эх халдвар авсан бөгөөд өдөрт 35-58 тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Үүнтэй уялдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоотой хамтран “Коронавируст /Ковид-19/ халдварын үеийн жирэмсэн эхийн дархлаажуулалт, эхийн эндэгдэл, жирэмсний хяналтын чанарын асуудал” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 4 тосгоны Эрүүл мэндийн төв, 140 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газрын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн зохицуулагч, өрхийн эмч нарын төлөөлөл бүхий 400 гаруй эмч мэргэжилтэн оролцлоо.
Энэ хүрээнд “Нийслэлийн 2021 оны эхний долоон сарын эхийн эндэгдлийн талаарх танилцуулга”,” Коронавируст /Ковид-19/ халдвартай жирэмсний тусламж үйлчилгээ”, “Коронавируст /Ковид-19/ халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулалт“, “Коронавируст /Ковид-19/ халдвартай жирэмсний эмнэл зүй”-н талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Энэхүү сургалт нь дүүрэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг шинэ мэдээллээр хангах, тэдгээрийн уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагаа, “Ковид-19” халдварын үеийн жирэмсний хяналт, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, ялангуяа жирэмсэн үеийн вакцинжуулалт, вакцины талаар эмч мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.
Мөн жирэмсэн эхчүүдийг халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламжийг эрт хүргэх, өрхийн эрүүл мэндийн төвийн утас, ажиллах цагийн хуваарь, цахим хаяг зэргийг агуулсан мэдээлэл солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, эхийн эндэгдэл гаргахгүйн тулд хариуцлага, сахилга баттай ажиллах үүрэг чиглэлийг эрүүл мэндийн байгууллагын удирдлага, өрхийн эрүүл мэндйин төвийн дарга нарт өглөө.