Монголын шувуу хамгаалах төвийнхөн усны шувуудын үржлийн судалгаа хийх зорилгоор Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт ажиллаад иржээ. Тус нуурын урд болон хойд зэгсэнд олон тогоруу үүрлэж, өндөглөн, дэгдээхэйгээ бойжуулж байгааг судлаачид онцлов. Мөн нугас зэрэг шувуу сүрэглэн зусаж буй аж. Олзуурхууштай нь, энэ жил Чух нуурт онцгой “зочин” олноор иржээ. Энэ бол олон улсын хэмжээнд ховордож болзошгүй, эмзэг ангилалд багтсан улаан хүзүүт шумбуур (aythya ferina) юм. Европт өргөн тархсан эл шувуу нүүдлийнхээ үед манай орныг дайран өнгөрч, Бөөнцагаан, Тэрхийн цагаан, Хар-Ус нуурт цөөн тоогоор зусдаг байсан бол энэ жил Чухын эрэгт олноор саатжээ. Дашлбалбарт 2000 орчим улаан хүзүүт шумбуур нутаглаж байгааг судлаачид цаг улирлын байдалтай холбон тайлбарлав. Тодруулбал, Дорнодын нийт нутгаар ургамлын гарц жигд, гол, нуур элбэг устай сайхан зун тохиож байгаа гэнэ.