Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарласан эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Өнгөрсөн гурван сарын хугацаа амар байгаагүй. Сонгууль, шаталсан улстөржилт, одон медаль гардуулснаас болж тархалт нэмэгдсэн. Вакцин хийгээгүй байсан бол Монгол Улс туйлын хүнд байх байсан. Намайг ажил авахад бизнес зогсож, эдийн засаг хасах зургаан хувийн алдагдалтай байсан.
Саяхан УИХ-аар төсөвт тодотгол хийлээ. Өөрөөр хэлбэл, төсөв хүрэхээ больсон гэсэн үг. Монгол Улсын жилийн төсөв 10 их наяд төгрөг байдаг. Манай улсын төсөв нүүрс, алт зэс, төмрийн хүдрээс хамааралтай байдаг. Цар тахлын эсрэг томоохон тэмцэлд улс бүхий л нөөцөө шавхсан. Хүүхдийн мөнгөнд дөрвөн их наяд төгрөг зарцуулагддаг.
Вакцинжуулалтад гэхэд бид 300 орчим тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж буй. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад нийт 45 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг ямар хэлбэрээр олгохыг Эрүүл мэндийн сайд шийднэ. Үүнд шаардлагатай мөнгийг улсын төсвөөс гаргана. Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. Тухайлбал, PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2,000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан. УИХ-аар Эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг баталсан. Энэ санхүүжилтийг арвич, хянамгай зарцуулах хэрэгтэй. Ирэх жил дээрх хэмжээний мөнгийг манай улсын төсөв "даахгүй” байж магадгүй" гэлээ.