Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн энэ онд 18 хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Ингэснээр манай эмч нар нийт 130 хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд байна. Үүнээс гадна нэн даруй мэс засал хийлгэх шаардлагатай хэдэн хүн байгаа, цар тахлын улмаас эрхтэн шилжүүлэх эмчилгээнд тасалдал, хүндрэл бэрхшээл учирсан, эсэхийг тус төвийн дарга Б.Бат-Ирээдүйгээс тодруулахад “Донор олсон, холбогдох шинжилгээгээ хийлгэсэн 15 хүн бий. Тэд ирэх сарын 1-нээс эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэнэ. Түүнчлэн одоогоор донор олдоогүй 70 гаруй хүн бидний хяналтад байгаа. “Ковид-19”-ийн улмаас эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ тасалдаагүй. Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисын нөөц хангалттай бий” гэв. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн энэ онд 12 хүнд бөөр шилжүүлэн суулгасан бөгөөд тэд ийм төрлийн хагалгааг 235 дахь удаагаа хийгээд буй юм байна. УНТЭ-ийнхэн энэ жил 50 гаруй хүнд элэг, бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч