Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгааг мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг мэдээллийн талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр, "Файзер вакцины татан авалттай холбоотой 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлууллаа.
Тэрбээр, "12-17 насны хүүхдийн вакцины 2 дугаар тунгийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
Бид 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Гэтэл богино хугацаанд 12-15 насны 96,511, 16-17 насны 54,034 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, 150,000 орчим хүүхэд вакцины нэгдүгээр тунд маш богино хугацаанд хамрагдсан буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн 46,9 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэжээ.
Иймд вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг түр хойшлуулах шийдвэр гаргалаа. Бид вакцины татан авалтаар нөөцөө бүрдүүлсний дараа үлдсэн хүүхдүүдээ вакцинд хамруулах боломжийг бүрдүүлнэ. Харин одоогоор 12-17 насны нэгдүгээр тунгаа авсан 150,000 хүүхдэд вакцины хоёрдугаар тунг нь хугацаанд нь хийх бөгөөд хоёрдугаар тунг вакцин хадгалах байруудад хадгалсан. Өнөөдрийн байдлаар 12-15 насны 44 хүүхэд, 16-17 насны 1,071 хүүхэд Pfizer вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ.
Үүнээс гадна жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна" гэлээ.