Үндэсний их баяр наадмын амралтын дараа цар тахлын нөхцөл байдал хүндэрч, ялангуяа орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэлтэйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өчигдөр мэдээлэв. Тус төвийнхний хийсэн тооцооллоор энэ сарын 17-ноос хойш орон нутагт хоногт бүртгэх тохиолдол 1300-д хүрч, эмнэлэгт хэвтэх хүний тоо одоогийнхоос 20 хувиар нэмэгдэх магадлалтай гэнэ. Аймгуудад өдгөө хоногт 1000 орчим тохиолдол бүртгэж байгаа юм. Наадмын амралтын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эрс ихсэх тул иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлээс сэргийлэхийг тэрбээр уриаллаа. Мөн орон нутгийг зорихгүйгээр хот орчмын амралтын газар, жуулчны баазуудаар үйлчлүүлэхийг зөвлөв.
“Орон нутгийн эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Аймгуудын Нэгдсэн эмнэлгүүд хүртэл үндсэн тусламж, үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, хувийн хэвшлийнхэн рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн орон нутагт мэргэжлийн эмч хүрэлцээгүй. Тухайлбал, Говь-Алтай аймагт эрчимт эмчилгээний хоёрхон эмч зогсоо зайгүй ажиллаж байна. Халдвар авснаа мэдэлгүй орон нутагт очсон хүний биеийн байдал хүндэрвэл эмнэлгүүд нь тусламж, үйлчилгээ үзүүлэхэд маш бэрх. Тиймээс урьдчилан сэргийлж, шинжилгээнд хамрагдах нь чухал. Өмнө нь хөдөө явж байгаа гэр бүлийнхнээс зөвхөн насанд хүрсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулдаг байсан. Харин энэ удаад тухайн гэр бүлээс таваас дээш настай нэг хүүхдийг шинжилгээнд хамруулахаар болсон” гэж Л.Баттөр хэллээ.
Бэлтгэсэн М.Оч