Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн, өнгөрсөн ням гарагт олон нийтэд өгсөн мэдээлэл сэтгэл сэртхийм байлаа. “Ковид-19”-өөр өвчилсөн иргэн эмнэлэгт очсон ч тусламж, үйлчилгээ авч чадалгүй гадна нь нас барсан талаар тайлбар өгөхдөө тэрбээр хүний ёсонд байж боломгүй аяглаж, эрүүл мэндийн салбарынхны алдааг хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр үнэн төрхийг нь илчилж орхив. Тухайлбал, “Хорооны хэсгийн ахлагчийн хэлснээр, тухайн иргэн сүүлийн 10 хоног архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” гэж талийгаачийг илт буруутгасан үгс “чулуудав”. Үхсэний араас муу үг унагадаггүй монгол ёс, хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг үл ойшоосон тэрбээр талийгаачийг орон гэргүй, гудамжны архичин байсан гэх шахам зүйл ярьсан нь ой гутам. Уг нь тухайн иргэн архины хордлогоос шалтгаалж эндээгүй, харин эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүйгээс болж л амиа алдсан шүү дээ.
Уг нь бидэнд цар тахалд бэлдэх, ядаж л эрүүл мэндийн салбараа жаахан ч болов өөд татах хугацаа байсан. Бусад улс оронд нөхцөл байдал хурцдаж, сандарч байхад бид хилээ, сургууль, цэцэрлэгээ хаачихаад санаа амар суусан. Гэтэл хилээ хаасан нэг жил гаруйн хугацаанд юу хийв. Ямар бэлтгэл хангав. Бусад улсаас юу суралцав. Цар тахал дэлхий дахинд анх тархсанаас хойших хугацаанд гурван сайдын нүүр үзсэнээс өөр өөрчлөлт эрүүл мэндийн салбарт гарсангүй. Сайдын “суудлыг” сайндаа ч солиогүй.
Хүн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах ёстой. Гэтэл Монгол Улсын эрүүл мэндийн салбар, Улаанбаатар хотын эмнэлгүүд иргэдэд ялгавартай үйлчилдэг, өвдсөн хүн бүрийг хүлээн авдаггүй, заримыг нь харсаар байгаад үхүүлдгийг тэр нэгэн иргэн нотлон харуулаад одов. Улмаар Монгол Улсын төр, засаг иргэддээ хэрхэн ханддагийг илчлэв. Бас эрүүл мэндийн салбар дампуурлын түвшинд хүрч, улаан гэрэл асаж буй нь ойрын өдрүүдэд улам тодорч байна.
Эргэн сануулахад, иргэн Р Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа энэ сарын 2-нд нас барсан. Тэрбээр “Ковид-19”-өөр өвчилсөн байсан бөгөөд хувийн лабораторид шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, уушгины рентген зураг авхуулахад хатгалгаатай болох нь илэрчээ. Ингээд шинжилгээний хариу, уушгины рентген зургаа барьж, эмнэлгүүдэд хандсан ч тоосонгүй. Хамгийн эхлээд яаралтай түргэн тусламж дуудтал эмч нь “Хатгалгаатай байна. Харьяа эмнэлэгтээ үзүүл” гэсний дагуу тэрбээр “Энэрэл” эмнэлэгт очсон ч тоосонгүй, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулжээ. Тус эмнэлгийнхэн бас л өвчтөн авахгүй гээд буцаасан аж. Аргаа барсан иргэн “Энэрэл” эмнэлэгт дахин очсон ч тусламж, үйлчилгээ авч чадалгүйгээр гадна нь нас барсан. Түүнийг анхаарсан ганц хүн нь эмнэлгийн машины жолооч байлаа. Жолооч түргэн тусламж дуудсан ч иргэн Р тэдний ирэхийг хүлээж чадсангүй.
“Цар тахлын үед ажиллуулна гээд нөөцөд үлдээсэн эмч, эмнэлгийн ажилтан гэж байхгүй. Нэг хэсэг нь “Ковид-19”-ийн, нөгөө хэсэг нь бусад төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аль аль нь ачаалал ихтэй. Тэгэхээр эмч, ажилтнуудыг энэ хоёрын хооронд сэлгэж ажиллуулна уу гэхээс биш, хүний нөөцийг нэмэх боломжгүй. Ор бол бэлдэж болно. Жишээ нь, 2000 ор нэмж дэлгэлээ гэхэд 6000 гаруй эмч, ажилтан шаардлагатай. Ийм боловсон хүчний нөөц бүрдүүлэх боломж бидэнд алга.
“Харьяаллынхаа эмнэлэгт үзүүл” гэж эрүүл мэндийн аль ч байгууллагынхан иргэдийг чирэгдүүлдэг нь бичигдээгүй хууль болон тогтжээ. Цар тахлын хүнд үед, онцгой нөхцөлд ч эмнэлгийнхэн ийм хүнд суртлаасаа салсангүй. Гэтэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж талийгаачийг л буруутгаж, амьдардаг газар, харьяалал, эрхэлдэг ажил, гэр бүлийн байдал, тэр ч бүү хэл амьдралын хэв маягийнх нь талаар олон нийтэд мэдээлж, өөрсдөө хариуцлагаас мултлах гэж муйхарлав. Бас өрхийн эмнэлэг нь ойрхон байхад тэндээ очоогүйн улмаас нас барсан гэх утгатай зүйлийг хэнэг ч үгүй хэлнэ лээ. Тэгснээ доод талын албан тушаалтан болох нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө гэлээ. Би үхэхээр чи үх гэдэг шиг л юм болов. Улмаар Ц.Пүрэвдаш нь бас доод талын албан тушаалтандаа хариуцлага тооцжээ. Тодруулбал, тэрбээр төвийнхөө эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, их эмч Б.Энхжаргал (түргэн тусламжийн дуудлагын дагуу иргэн Р-ийнд очсон) нарыг ажлаас нь халсан байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийнхэн ийнхүү нэг нэгнээ халсан ч тус салбарт бугшсан асуудал эцэслэгдэхгүй.
Эмч нарын төлөөлөл сүүлийн үед төв талбайд өдөр бүр жагсаал, суулт зохион байгуулж байна. Цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж байгаа аж. Хэрэв Засгийн газар тэдний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяхаа мэдэгдсэн. “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийгөө болон гэр бүлийнхнээ золиослон ажиллаж байна. “Ковид-19”-ийн үед, онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгох хуультай. Гэтэл үүнийг мөрдөхгүй байна. Бид төв талбайд найман хоног суулт хийж байхад хэн ч анхаарсангүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Одоогоор эрүүл мэндийн салбарын 3000 гаруй ажилтан халдвар авсан. Засгийн газар хуулиа биелүүлтэл бид эндээс явахгүй. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл өдгөө улаан бүс болоогүй эмнэлэг гэж алга. Тиймээс эрүүл мэндийн салбарын нийт ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Манай салбарын ажилтнуудын цалин улсын дунджаас хоёр дахин бага. Харин ажлын ачаалал 4-5 дахин их” гэж Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлсэн юм.
Ачаалал их байгаа, ойлгож байна. Гэхдээ эмч нарын цалинг нэмлээ ч эрүүл мэндийн салбарт бугшсан асуудлууд шийдэгдэхгүй. Иргэн эмнэлгийн гадна үхлүүт ирэхэд цалинтай, цалингүй байсан ч эмч нар тосож авах үүрэгтэй. Ядаж анхны тусламж үзүүлэх ёстой. Учир нь эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөн ажилладаг. Тиймээс тэдний ёс зүйн асуудал ч хөндөгдөж байна.
Цар тахлын үед ил гарч ирсэн эрүүл мэндийн салбарын бас нэгэн ялзрал, доройтлыг дурдъя. Энэ нь эмнэлгийн орны хүрэлцээ. Тун удахгүй буюу энэ сарын дунд гэхэд манай улс хүндээр өвчилсөн иргэдээ ч эмчилж чадахгүйд хүрэхийг мэргэжилтнүүд тооцоолоод буй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 39 000 гаруй хүн эмчлүүлж байлаа. Тэдний 25 000 нь эмнэлгийн ор хүрэлцээгүй шалтгаанаар гэртээ байна. Харин 14 000 гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Энэ нь ачаалал дээд цэгтээ тулсныг нотлох үзүүлэлт. Тодруулбал, улсын хэмжээний эмнэлгүүдийн ор нийт 14 000 орчим. Үүн дээр сувилал, хувийн эмнэлгүүдийнхийг нэмэхээр 27 000 болдог аж. Гэтэл 14 000 орыг өдгөө зөвхөн коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэхэд ашиглаж буй. Үүн дээр нэмээд цаашид ор гаргах боломжгүйг ЭМЯ-наас мэдээлсэн. Аль нэг сургуулийн дотуур байр, спорт танхимд ор дэлгэлээ ч тэдгээрт ажиллах хүний нөөц манай улсад байхгүй. Тиймээс хэрэв та өвчилбөл эмнэлэг хүлээж авахгүй, биеийн байдал тань хүндэвтэр, хүнд байсан ч хэвтүүлэх боломжгүй, гэртээ байж өөрийгөө анагаахаас өөр аргагүй болж мэдэхийг салбарын яамнаас хэдийн анхааруулах болсон.
“Цар тахлын үед ажиллуулна гээд нөөцөд үлдээсэн эмч, эмнэлгийн ажилтан гэж байхгүй. Нэг хэсэг нь “Ковид-19”-ийн, нөгөө хэсэг нь бусад төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аль аль нь ачаалал ихтэй. Тэгэхээр эмч, ажилтнуудыг энэ хоёрын хооронд сэлгэж ажиллуулна уу гэхээс биш, хүний нөөцийг нэмэх боломжгүй. Ор бол бэлдэж болно. Жишээ нь, 2000 ор нэмж дэлгэлээ гэхэд 6000 гаруй эмч, ажилтан шаардлагатай. Ийм боловсон хүчний нөөц бүрдүүлэх боломж бидэнд алга. Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсийг эмчилдэг эрчимт эмчилгээний 239 эмч, 352 сувилагч, яаралтай тусламжийн 92, мэдээгүйжүүлгийн 93 эмч ажилладаг. Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс олширлоо гэхэд энэхүү нөөцийг нэмэх боломжгүй. Гэсэн ч ачаалал цаашид өсөхөөр байна. Яагаад гэвэл өнөөдөр өвчилсөн хүн маргааш эдгэрээд, эмнэлгээс гардаггүй. Нэлээд хэд хоног эмчлүүлж таарна. Тиймээс эрүүл мэндийн салбар цаашид маш хүнд байдалд орох төлөвтэй. Ялангуяа биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд бэрхшээл тулгарна. Манай улсын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орны тоо нийт 385. Үүнийг нэмж 600 гаруй болгосон. Амьсгалын аппарат хангалттай, орны тооноос илүү буюу 1000 гаруй бий. Гэхдээ үүнийг ажиллуулах хүний нөөц дутагдалтай” гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлсэн. Түүнчлэн биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнд зайлшгүй шаардлагатай, уушги орлуулах ЭКМО аппарат улсын хэмжээнд гуравхан бий. Гэтэл өдгөө биеийн байдал нь маш хүнд болсон өвчтөн 200 гаруй байна. Хамаг ажил нь зуун задгай, манай улс цар тахалд огт бэлтгээгүй байсныг эндээс харж болно.
Уг нь бидэнд цар тахалд бэлдэх, ядаж л эрүүл мэндийн салбараа жаахан ч болов өөд татах хугацаа байсан. Бусад улс оронд нөхцөл байдал хурцдаж, сандарч байхад бид хилээ, сургууль, цэцэрлэгээ хаачихаад санаа амар суусан. Гэтэл хилээ хаасан нэг жил гаруйн хугацаанд юу хийв. Ямар бэлтгэл хангав. Бусад улсаас юу суралцав. Цар тахал дэлхий дахинд анх тархсанаас хойших хугацаанд гурван сайдын нүүр үзсэнээс өөр өөрчлөлт эрүүл мэндийн салбарт гарсангүй. Сайдын “суудлыг” сайндаа ч солиогүй. “Ковид-19”-тэй тэмцэхэд бэлдэж байна гэж Эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр иргэдийн тархийг “угаалгасан” сайд асан Д.Сарангэрэл хариуцлагаас мултарчихсан, юу ч болоогүй мэт сууна. Дараагийн сайд, коронавирусийг дотооддоо алдсан буруутнуудын нэг Т.Мөнхсайхан ч уснаас хуурай гарчихсан. Тэр хоёр цар тахал алдсан бурууг нэг нэгнээсээ хайж, түнжин хагарсан шигээ мэтгэлцэж байна. Үнэндээ аль алиных нь буруугаас болж, нөхцөл байдал иймдээ тулсан билээ.
Цар тахал байтугай ханиад, томууны улирлаар ч барьц алддаг, хэзээнээсээ иргэдээ үл тоож, дутуу хөтүү үйлчилгээ үзүүлж, цаг аргацаан үйл ажиллагаа явуулсаар ирсэн эрүүл мэндийн салбарт өдгөө “эрчимт эмчилгээ” л хэрэгтэй болжээ. Дампуурахад нэг алхам дутуу байгаа энэхүү салбартаа юуны урьд цогц “шинжилгээ” хийж, асуудлуудыг нь тодорхойлъё. Дараа нь шийдэл, гарцаа олж, “эмчилгээ”-гээ эхлүүлэх шаардлагатай байна.