Цар тахлын хүнд үед наадам зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа аж ахуйн нэгжүүд ч илэрхийлээд эхэллээ. Учир нь “Ковид-19”-ийн улмаас сүүлийн нэг жил гаруйн хугацаанд аж ахуйн нэгжүүдийг хорьж цагдан, үйл ажиллагааг нь хязгаарласаар ирсэн Засгийн газар наадам зохион байгуулахаар болсон нь шударга бус гэж тэд үзэж байна. Тиймээс удаан хугацаанд үйл ажиллагаагаа хязгаарлуулж, орлого, ажлын байраа алдсан аж ахуйн нэгжийн төлөөлөл төв талбайд “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгууллаа. “Аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажилламаар байна. Хөл хорионоос шалтгаалан иргэдийн тэвчээр та сарч байхад төр, засаг 2.5 тэр бум төгрөгөөр наадах гэж байна” гэж жагсагчдын төлөөлөл хэлж байв.
Түүнчлэн даатгалын компаниуд ч эсэргүүцлийн “давлагаа” өрнүүлж эхлэв. Тухайлбал, “Мандал”, “Бодь”, “Монре”, “Мөнх” даатгалын компаниас наадамтай холбоотой үйл ажиллагаанд оролцохгүйгээ өчигдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хурдан морь унах хүүхдийг даатгалд хамруулахгүйгээ мэдэгдэж, “Бид даатгахгүй бол тэд уралдахгүй” хөдөлгөөн өрнүүлж байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.2-т “Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй” гэж заажээ. Мөн “Pepsi” брэнд болон “Жи Эн бевережис” компаниас баяр наадмыг дэмжин ажиллаж байгаа телевиз, радио, бүх төрлийн контент, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд наадмыг хойшлуулах санал гаргасан юм.