Иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчилжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу уг жагсаалтад 33 нэр, төрлийн эмийг нэмсэн байна. Тухайлбал, үе мөчний өвчнийг эмчлэх целкок, үрэвслийн эсрэг индомон, ходоодны хүчил багасгах эста-20, эста-40, дархлал дарангуйлах ципол-н зэргийг жагсаалтад шинээр оруулсан байна. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан аль ч эмийн сангаас эдгээр эмийг авах боломжтой. Ингэхдээ цусны даралт бууруулах, уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70, бусад эмийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авна. Харин олон нийтийн дунд эрэлттэй байгаа вирусийн эсрэг эм, ялангуяа “Ковид-19”-ийн эмчилгээнд хэрэглэж буй бэлдмэлүүдийг уг жагсаалтад оруулаагүй аж.
Бэлтгэсэн М.Оч