УОК-оос өчигдөр орой наадмыг хойшлуулах санал гаргасан. Тэгвэл уг саналыг уяачид эсэргүүцэж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр морьтой жагсаал хийж байна. Тэдний зүгээс наадам хойшлуулах эсэх, эсвэл наадам хийхгүй байх шийдвэрийг Засгийн газар эрт гаргахгүй, цаг тулгаж гаргаж байгаа нь бидний хөдөлмөрийг үгүйсгэж байна гэдэг байр суурийг илэрхийлж байна. Хэрэв наадам хийхгүй байсан бол анхнаасаа зөв зүйтэй, оновчтой шийдвэрийг эрт гаргах хэрэгтэй байсан гэдгийг мөн хэллээ.
Мөн гамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм сахиулах, холбогдох хууль журмыг зөрчихгүй байхыг сануулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг даруй зогсоох шаардлага хүргүүлэв. Харин Морин спорт уяачдын холбооноос морьтнуудын жагсаалыг зохион байгуулаагүй, уяачид өөрсдийн санал бодлоор нэгдсэн учир эндээс ямар нэг сөрөг үр дагавар гарвал хариуцлага хүлээхгүй гээд, Цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авахаас татгалзлаа.