Цар тахал нийслэлээс гадна орон нутагт ч хүрээгээ эрчимтэй тэлж, бүх аймагт тархаад байна. Эрүүл мэндийн яамнаас Өмнөговьд халдвар тархсаныг огт мэдээлдэггүй, бүртгэдэггүй ч аймгийн Онцгой комиссоос нь өдөр бүр коронавирус илэрснийг мэдэгдэх болов. Өчигдөр гэхэд тус аймагт 44 хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсан хэмээлээ. Ингэснээр манай улсын бүх аймагт халдвар тархсан гэсэн үг. Орон нутгаас өдгөө Төв аймагт хамгийн олон буюу 3015 хүн халдварт өртсөн. Мөн Дархан-Уул, Орхон, Баянхонгор аймагт 2000-аас олон хүн өвчилсөн нь нэлээд өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Өвөрхангай, Говь-Алтайгаас бусад бүх аймагт хөл хорио тогтоожээ. Мөн манай улсын 330 сумын 176-д нь хөл хорио тогтоогоод байна. Тухайлбал, Хөвсгөл (24 сум), Баянхонгор (20), Хэнтий (18), Өмнөговь (15), Дорноговь (14), Говьсүмбэр (3) аймаг бүх сумдаа хатуу хөл хорио тогтоожээ. Бусад аймгийн 1-18 сумд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан аж. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Амралтын эдгээр хоногт нийслэлээс орон нутгийг зорих иргэн цөөнгүй байгаа. Тэдгээр иргэн хөл хорио тогтоосон газарт очихоор бол аймаг, сумын Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авах бөгөөд долоо хоног тусгаарлагдах аж. Гэхдээ хөл хорио тогтоосон ихэнх газар нийслэл болон халдвар өргөн хүрээнд тархсан бусад аймаг, сумаас зөвхөн зайлшгүй шаардлага, шалтгаантай иргэдийг хүлээн авч, долоо хоног тусгаарлах гэнэ. Өөрөөр хэлбэл, аялж зугаалах хүмүүсийг хүлээн авахгүй юм байна.
“Ковид-19”-өөс шалтгаалж өчигдрийн байдлаар 10 аймаг наадам хийхгүй, үүнд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгөө эрүүл мэндийн салбартаа зориулахаа мэдэгдсэн. Харин улсын наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар бэлтгэж байв. Халдварын тархалт ихэссэн үед багагүй хөрөнгө зарцуулж наадам хийхээр шийдвэрлэсэнд олон нийт бухимдаж, өчигдөр төв талбайд иргэд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл үүний дараа Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт танилцуулах болсноо мэдэгдлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, эцэслэн шийдэх юм.
Бэлтгэсэн М.Оч