Коронавирусийн халдвар голомтлон тархаж, нөхцөл байдал хүндэрсэн энэ үед наадам тэмдэглэхгүй гэж аймгуудын удирдлага мэдэгдээд буй билээ. Уг санаачилгыг Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос анхлан гаргаж, дараа нь Дархан-Уулынхан ч ийнхүү шийдвэрлэсэн. Наадамд зарцуулах хөрөнгөө тэдгээр аймгийнхан эрүүл мэндийн салбартаа зориулахаа мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр уг санаачилгад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Завхан, Баянхонгор аймаг нэгдэхээ илэрхийлснээр наадам хийхгүйгээр шийдвэрлэсэн аймгийн тоо найм болов. Дорнодын тухайд аймгийн төв болон бүх сумдаа наадам хийхгүй, үүнд төсөвлөсөн хөрөнгөө цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд 100 хувь зарцуулахаар болсныг Засаг дарга М.Бадамсүрэн мэдэгджээ. Сүхбаатар аймгийн тухайд ч үүнтэй адил зохицуулалт хийхээр болсон аж. Орхон аймаг наадам зохион байгуулахад төсөвлөсөн хөрөнгөө Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөө тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуулна. Завхан аймгийнхан эмнэлэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад зориулах гэнэ. Хэнтий аймгийнхан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд яаралтай хагалгаа хийлгэхээр болсон 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд хандивлахаар болсныг Онцгой комиссоос нь мэдээлэв. Мөн Баянхонгор аймгийн ИТХ-аас наадам хийхгүй байхаар шийдвэрлэжээ.
Ташрамд дурдахад, энэ сарын 20 хүртэл аймгуудад наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин үүний дараа Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, эсэхээ тухайн орон нутгийн удирдлага өөрсдөө шийдэх зохицуулалттай.