1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө. Тэрбээр, "Энэ сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас ПГУ шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн. Иргэд орон нутаг руу зорчихдоо тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний хариугаар нэвтэрнэ. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин болон явуулын тус бүр гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Тодруулбал, Баянгол дүүргийн 96, Сүхбаатарын 143, Чингэлтэйн 74 дүгээр цэцэрлэг, Баянзүрхийн авто оношилгооны төвийн зогсоол Сонгинохайрханы таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны төвийн гадна талбай, Хан-Уулын Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд 09.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авч байна" гэв.