Манай улсад цар тахлын тархалт эрс ихсэж, халдвар авсан нийт хүний тоо өчигдөр 70 000-ыг давлаа. Улсын хэмжээнд өчигдөр 1460 иргэнээс коронавирус илрүүлэв. Энэ нь хоногт хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол боллоо. Өөрөөр хэлбэл, “Ковид-19” анх бүртгэгдсэнээс хойших нэг жил гаруйн хугацаанд хоногийн үзүүлэлт анх удаа 1400-гаас давав. Үүний 955 нь нийслэлд, 505 нь 16 аймагт бүртгэгдлээ. Уг үзүүлэлт нь мөн орон нутагт хоногт хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол юм. Улсын хэмжээнд энэ сарын 5-нд 1393 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь өмнө нь дээд үзүүлэлтэд тооцогдож байлаа. Тодруулбал, халдварын тархалтын дээд үзүүлэлт зургадугаар сар гарснаас хойш хоёр дахь удаагаа шинэчлэгдсэн нь нөхцөл байдал ямар түвшинд хүрснийг илэрхийлнэ. Өмнө нь зөвхөн нийслэл халдварын томоохон голомт болж, гамшгаас хамгаалах улаан түвшинд шилжсэн бол өдгөө аймгуудад ч нөхцөл байдал хүндэрч эхлэв. Говь-Алтай аймагт гэхэд өчигдөр 112 иргэн коронавирусээр халдварласан нь нотлогдлоо. Эл үзүүлэлт нь мөн л нэг аймагт хоногт хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол болов. Өмнө нь энэ сарын 5-нд Төв аймагт 109 хүн халдвар авсан нь батлагдсан нь дээд үзүүлэлт байлаа.
Нөхцөл байдал иймдээ тулсан ч тоох хүн төдийлөн алга. Албаныхан таг чиг, иргэд ч юу ч болоогүй мэт. Харин хөл хорио тогтоох нь гэж бизнес эрхлэгчид хэдийн болгоомжлоод эхэллээ.
Цар тахлын улмаас нийслэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 28 хоног хөл хорио тогтоосон. Тавдугаар сарын 8-нд хөл хориог цуцалсны дараа халдварын тархалт бага зэрэг хумигдаж, хоногт 349 хүн өвчилснийг нотолж байлаа. Гэсэн ч үүнээс 10 хүрэхгүй хоногийн дараа халдварын тархалт дахин ихэссээр дээд түвшиндээ хүрэв. Удаан хугацаанд хөл хорионд байсан иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь үүнд нөлөөллөө. Ялангуяа өнгөрсөн сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн, 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг орон даяар эхлүүлсэн нь халдварыг “өрдөх” гол шалтгаан болов. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн өдөр дараалан шагналын хур буулгаж, нийслэлийн төв талбайд иргэдийг зуу зуугаар нь цуглууллаа. Эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж, Эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм баримтлахыг тогтмол сануулсаар байсан атал Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчдээс авхуулаад иргэд ч зөвлөмжийг үл тоон, олон нийтийг хамруулсан уулзалт, цуглааныг аймаг бүрт зохион байгуулав. Цаашлаад Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг өргөн тэмдэглэнэ хэмээн хөөрцөглөж байна. Бас аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн татрах бус, харин ч нэмэгдсээр байгаа. Эдгээрийн уршгаар өдгөө эмнэлгүүдийн ачаалал ихсэж, ойрын хавьтлын байтугай халдвартай иргэдийг ч сайн анхаарч чадахгүйд хүрчээ. Тухайлбал, хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлаж, өрхийн эмч тогтмол хяналт тавих ёстой. Харамсалтай нь, эмч нарын ачаалал ихсэж, бүх хүнийг тогтмол хянаж чадахгүйд хүрсэн тул иргэд өөрсдөө биеийн байдлаа шалгаж, хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хандахыг ЭМЯ-наас зөвлөх болов.
Нөхцөл байдал иймдээ тулсан ч тоох хүн төдийлөн алга. Албаныхан таг чиг, иргэд ч юу ч болоогүй мэт. Харин хөл хорио тогтоох нь гэж бизнес эрхлэгчид хэдийн болгоомжлоод эхэллээ. Үүний хариуд Улсын онцгой комисс, ЭМЯ-наас “Хөл хорио тогтоох санал гаргаагүй” гэж мэдээлсэн. Албаныхны гол найдвар нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үр дүн. Манай эрдэмтэд “Энэ сарын 15-наас дархлаажуулалтын үр дүн гарч, халдвар авах, нас барах хүний тоо эрс буурна” гэж тооцсон. Учир нь хоёр тун вакцин хийлгэсэн олонх иргэнд дархлаа тогтох хугацаа ойртжээ. Эрдэмтдийн хэлсэн хугацаа хаяанд ирлээ. Гэсэн ч өргөн хүрээнд тархсан өвчин дөрөвхөн хоногт эрс багасаж, нөхцөл байдал сайжирна гэж итгэхэд бэрх.
Эргэн сануулахад, хамгийн сүүлд хатуу хөл хорио тогтоохоос өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд улсын хэмжээнд 831 иргэнээс коронавирус илрүүлж байв. Энэ нь хоногт хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол болсон юм. Тухайн үед нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь 0.33 хувь байсан. Тэгвэл өдгөө эл тоо 20 орчим хувьд хүрсэн бөгөөд шинжилгээнд хамрагдсан таван хүн тутмын нэг нь халдвар авсан байна.
Бэлтгэсэн: М.Оч