- Канадын мэргэжилтнүүд коронавирусийн халдвартай газрыг тодорхойлох арга боловсруулжээ. Ингэхдээ бохир усны шинжилгээний мэдээлэл ашигладаг алгоритм ашигласан талаараа Торонтогийн их сургуулийн судлаачид мэдээлсэн байна.
- Казахстанд тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг ирэх пүрэв гаргаас торгох болов. Дэглэм зөрчсөн хүмүүсийг ухаалаг гар утасны тусгай програмаар илрүүлэх гэнэ. Халдвар авснаа мэдсэн хэрнээ өөрийгөө тусгаарлахгүй бусдад халдварлуулбал зориуд учруулсан хор хохирол хэмээн үзэж 87 510 тэнгэгээр торгохыг эрх бүхий байгууллагууд нь мэдээлэв. Тус улсад өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 395 064 бүртгэгдэж, нас баралт 4076-д хүрчээ.
- Хятад улс 100-гаас дээш насныхнаа дархлаажуулах ажил эхэллээ. Эрүүл мэндийн сайд нь “Өдгөө бүх нийтийг дархлаажуулах ажлын хүрээнд 18-аас дээш насныхныг вакцинжуулж байна. Дархлаажуулалтад хамрагдагсдын насны дээд үзүүлэлт 100-гаас давсан” гэжээ.
- Израилийн Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейний мэдээлснээр, коронавирусийн тархалт нэмэгдэхгүй бол зургадугаар сарын 15-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудаас бусад олон нийтийн худалдаа, үйлчилгээний газруудад амны хаалтгүй зорчихыг зөвшөөрөх горимд шилжих гэнэ. Тус улсад халдварын тохиолол буурсантай холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас амны хаалт зүүх журмыг цуцалсан бөгөөд үүний дараа энэ сарын эхээр зай барих, олуул цугларахыг хориглох зэргээр тогтоосон хориог шат дараалалтай цуцалсан юм. Түүнчлэн өнгөрсөн ням гаргаас Израилд 12-15 насныхныг вакцинжуулж эхэлсэн байна.
- Япон Улс вакцинжуулалтын гэрчилгээ олгох болжээ. Ажил, албаны шугамаар гадаадад байнга зочдог иргэдэд эхний ээлжид олгох бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд хэдийн ашиглаад эхэлжээ. Гэрчилгээг цаасан хэлбэрээр бус, ухаалаг гар утасны хавсралтын зарчмаар гаргах аж.
- Ногоон цайнд галлокатехин хэмээх бодис агуулагддагийг нотолсон талаараа олон нийтэд мэдээлсэн Британийн Суонсийн анагаахын их сургуулийн эрдэмтэд “Энэхүү бодис нь төрөл бүрийн вирусийн эсрэг үйлчилгээтэйг тогтоосон. Ингээд юуны түрүүнд шинэ коронавирустэй тэмцэхэд хэр нөлөөтэйг судлахад үр дүн өндөр гарлаа. Үүнийгээ батлахын тулд эмнэл зүйн судалгаа хийх байна” гэжээ.
Бэлтгэсэн: Э.Хана