НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 07-ны өдрийг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж, гишүүн улс орнууддаа тэмдэглэн өнгөрүүлэхийг 2019 онд уриалсан билээ. Эл өдрийг өдгөө гурав дахь жилдээ тэмдэглэж, хүнсний аюулгүй байдлыг хангахад оролцдог идэвхтэй гишүүдийг алдаршуулахаар төлөвлөж буйгаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээллээ.
Энэ жил хүн бүр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд юу хийж болох талаар тодотгож байгаа гэнэ. Хүнс тариалах, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, түгээх, борлуулах, бэлтгэх эсвэл хэрэглэхээс үл хамааран хүн бүр хүнсний аюулгүй байдалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг учир оролцоо нь хамгийн чухал аж. Өнгөрсөн онд дэлхийн олон орон цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг чухалчлах хэрэгтэй талаар санал нийлж, эл өдрийг тэмдэглэсэн билээ.